Ө.Пүрэвбаатар: Одоо л жинхэнэ оюутан болж байна
Ерөнхийлөгчийн ИЛГЭЭЛТ-2100 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хот, хөдөөгийн 330 сум, 171 хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг сонгож нэг жилийн хугацаанд эх орондоо бэлтгэн гадаад улсын их, дээд сургуульд сургах юм.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт Архангай аймгийн Батцэнгэл сумаас шалгарсан МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Өлзийбаярын Пүрэвбаатартай цөөн хором ярилцлаа. Тэрбээр, Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж өссөн. Батцэнгэл сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг 2021 онд төгссөн. ЭЕШ-аа сумын сурагчдаа манлайлж, хамгийн өндөр оноо авсан юм.
Түүний элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: Гадаад хэл-650, Математик-650, голч оноо-650
Сайн байна уу? Юуны өмнө баяр хүргэе. Таны Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, баярт мэдээгээ гэр бүлийнхэндээ дуулгаж буй талаарх дүрс бичлэг цахим орчинд цацагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн сайн байна уу, Баярлалаа. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн талаар өмнө нь дуулгасан байсан. Нэг өдөр захирлын өрөөнд дуудсан. Тухайн үед цахим хичээлийн талаар эсвэл өөр асуудлаар судалгаа авах гэж дуудаж байна гэж бодов. Захирлын өрөөнд ортол “Ямар хэрэг хийгээд байна” гэж асуусан. Тэгэхээр нь айгаад “би хичээлээ таслаагүй дээ. Ямар хэрэг хийсэн юм бол. Орой гэртээ яаж харина аа” гэж бодсон. Гэтэл нэг цаас гаргаж ирээд “Үүнийг уншаарай” гэв. Унштал Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байсан. Айх баярлах хоёр давхацсан.
Нутагтаа байгаа ээж аавдаа баярт мэдээгээ дуулгахаар явахдаа догдолсон байх?
-Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар байна гэж надаас асуусан. Би “ээжтэйгээ” гэж хариултал “ээж рүү нь хамт очих уу” гэв. Тэгэхээр нь манай ээжийг хотод байгаа гэж бодсон байх гээд эхэндээ итгээгүй. Үнэн байсан. Ингээд хөдөө нутаг руугаа яваад аав ээжтэйгээ уулзсан.
Би айлын бага хүүхэд. Дөрвөн эгч нэг ахтай. Айлын бага хүүхэд болохоор ээж аав, ах эгчийнхээ хайранд өссөн. Манай аавыг С.Өлзийбаяр, ээжийг Б.Оюунчимэг гэдэг. Хоёул насаараа сургуульд ажилласан. Аав ээж хоёр маань хоёулаа сургуульд ажилладаг байсан болоод ч тэрүү миний хичээл, сурлаганд их анхаардаг. Ээж аав хоёртоо тэтгэлгийн талаар хэлэхдээ өөрийн эрхгүй хоолой зангираад уйлчихсан. Өмнө нь уйлна гэж бодоогүй.
Манай бага ангийн багшийг маань н.Тунгалагтамир дунд ангийн багшийг маань С.Байгалмаа, ахлах ангийн багшийг маань П.Баяржаргал гэдэг. Энэ ярилцлагаар дамжуулаад бүх багш нартаа болон тусалж дэмждэг бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
Дүрс бичлэг цацагдахаас өмнө найзуудтайгаа тэтгэлэг хүртсэн талаараа хуваалцсан байсан уу?
-Ангийнхандаа хэлээгүй байсан. Бичлэг цацагдсаны дараа найзууд, ангийнхан маань бүгд баяр хүргэсэн.
Эхний нэг жил хэлний бэлтгэлд хамрагдаад гадагшаа суралцахаар явна. Ямар чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна вэ?
-IT инженерээр суралцана гэж бодож байгаа.
Батцэнгэл сумын ЕБС-ийг жилд дунджаар хэдэн хүүхэд төгсдөг вэ?
-Сургуульд маань 800 гаруй хүүхэд суралцдаг. Манай төгсөлт 33-уулаа төгссөн. Цөөхөн хүүхэд төгсдөг.
Танай суманд халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-Халдварын тархалт бага тогтвортой байгаа.
Цар тахлын энэ үед ЭЕШ-даа хэрхэн бэлдсэн бэ?
-Бие дааж цахимаар бэлдсэн. Мөн сургалтад суусан.
Хотод ирээд дасаж байна уу? Оюутан болох ямар байна вэ?
-Одоо л дасаж байна. Шинэ орчин нөхцөлд эхэндээ дасахгүй байсан. Есдүгээр сарын 01-нд эхний хичээл биеийн тамир байсан. Заалаа олохгүй төөрч байлаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Сумын сургуульд сурдаг байхад хичээл эхлэх цагаас 5-10 минут өмнө гэрээсээ гарч алхаад л очдог байсан. Харин хотод түгжирдэг болохоор 02.00 цагийн өмнө гэрээсээ гарах шаардлагатай. Зарим өдөр 02.00 цагийн өмнө гарсан ч хичээлдээ амждаггүй. Одоо л жинхэнэ оюутан болж байна.
Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Сагс, гар бөмбөг тоглох дуртай. Ер нь спортод сонирхолтой.
Дараа жил дахин Ерөнхийлөгчийн ИЛГЭЭЛТ-2100 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжинэ. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн гол шалгуур нь ЭЕШ. ЭЕШ-ндаа өндөр оноо авахын тулд хэрхэн бэлтгэх ёстой вэ? Зөвлөгөө өгөөч?
-Цагаа зөв төлөвлөх нь чухал. Нэг цаг тогтоогоод тэр үедээ хичээлээ хийж тархиа дасгах хэрэгтэй. Хойшлуулж болохгүй. Өдөр бүр системтэйгээр бэлтгэвэл зүгээр байх.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ