Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон 15 хүн COVID-19 тусжээ

Шведэд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцсон 10 гаруй хүн коронавирусийн халдвар авсан талаар Шведийн Dagens Nyheter сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Стокгольм хотноо болсон уулзалтад оролцсон есөн орны 15 хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ арга хэмжээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен гээд 50 гаруй орны гадаад харилцааны яам тэргүүлдэг улс төрчид оролцжээ.
Сонины мэдээлснээр, арга хэмжээг зохион байгуулахдаа эрүүл мэндийн газрын зөвлөмжийг хатуу баримталсан бөгөөд оролцогчид нь PCR шинжилгээ өгөх боломжтой байсан гэнэ. Түүнчлэн, уулзалт өндөрлөсний дараа Шведийн Гадаад хэргийн яам мэргэжилтнүүддээ болон бусад бүх оролцогчдод коронавирусийн шинжилгээнд хамрагдах, шинж тэмдэг илэрвэл мэдээлэх нь чухал гэсэн мэдээлэл илгээсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ