Британид төлөвлөгөөт хагалгааг 2022 он хүртэл зогсооно

Их Британид коронавирусийн халдвараас сэргийлэх нэмэлт тун тарих ажлыг өргөн цар хүрээтэйгээр эхлүүлсний улмаас төлөвлөгөөт хагалгаануудыг 2022 он хүртэл хойшлуулсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгджээ.
Энэ улсад омикрон штамм дэгдэж байгаатай холбоотойгоор нэмэлт тунгаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулалтын цэгүүдэд хуваарилаж байгаа тул ийнхүү төлөвлөгөөт хагалгааг хойшлуулахаас аргагүй болсон гэнэ.
Түүнчлэн Их Британийн эрх баригчид Англи, Шотланд руу коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор 750 цэргийн эмчийг илгээжээ. Энэ улсад коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штамм хурдацтай тархаж байгаа бөгөөд үүнээс үүдээд эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдол нэмэгдэнэ гэж болгоомжилж байгаа юм. Британид 12 дугаар сарын 13-ны өдөр омикрон штаммын халдвартай нэг өвчтөн нас барсан нь Европт омикроноос үүдэлтэй нас барсан анхны тохиолдол болж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ