ДЭМБ: Омикрон халдварын тоо 2-3 өдрийн дотор хоёр дахин нэмэгдэж байна

Коронавирусийн шинэ штамм болох омикрон нэн хурдтайгаар тархаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын коронавирустэй тэмцэх тусгай төлөөлөгч Дэвид Набарро мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, "энэхүү штамм нь нэн хурдтай тархаж, хоёроос гурван өдөрт л тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байгааг илтгэх" хангалттай мэдээлэл ДЭМБ-д байгаа гэнэ. Энэ штамм ийнхүү хурдацтай тархаж байгаа нь ноцтой нөхцөл байдал үүсгэнэ гэж Набарро өгүүлжээ.
Тиймээс хүн амыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж ДЭМБ-ын төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн бүхий л хүмүүс хүн хоорондын зай баримталж, аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөжээ. Хэдийгээр омикрон халдвартай холбоотой нөхцөл байдал цааш хэрхэн өрнөхийг мэдэхгүй байгаа ч өөрийнх нь зөвлөгөөг дагахыг Набарро уриалсан байна.
Анх Өмнөд Африкт өнгөрсөн сард илэрч байсан коронавирусийн омикрон штамм дэлхийн 80 орчим оронд бүртгэгдсэн юм. Дельта хувилбараас ялгаатай нь энэ штаммын халдварын үед сульдах, пульс нэмэгдэх, хоолой эрвэгнэх, булчингаар өвдөх, хуурай боловч багахан ханиах шинж тэмдэг илэрдэг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ