Хятадад хориотой олон нийтийн сүлжээг олимпын оролцогчид ашиглахыг зөвшөөрчээ

Хятадын нутаг дэвсгэр хориотой байдаг олон нийтийн сүлжээнүүдийг олимпын оролцогчид ашиглахыг Бээжин-2022 Өвлийн олимпын наадмын зохион байгуулах хороо зөвшөөрсөн талаар Олон улсын олимпын хороо мэдээлжээ.
Тэмцээнд оролцогчид л эдгээр олон нийтийн сүлжээг ашиглаж болох бөгөөд тэдэнд Бээжин, Жанжякоуд ажиллах тусгай сим карт тарааж өгөх гэнэ. Мөн олимпын гол объектуудад Wi-fi сүлжээ хүртээмжтэй байх аж. Ийм шаардлагыг Олон улсын олимпын хорооноос тавьжээ.
Олимп үргэлжлэх 16 өдрийн туршид зөвшөөрөгдсөн олон нийтийн сүлжээнд Инстаграм, Твиттер багтаж байгаа юм. Эдгээр олон нийтийн сүлжээг 2000-аад оны эхнээс Хятадын нутаг дэвсгэр дээр хориглосон юм. Түүнчлэн энэ улсын нутаг дэвсгэр дээрээс нэвтэрч болдоггүй Фейсбүүк, Ватсап, Телеграм, Юүтүб, Гүүгл-д нэвтрэх зөвшөөрлийг өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хятадад дээрх олон нийтийн сүлжээнд нэвтрэх боломжгүй, харин хэрэглэгчид VPN сервисээр дамжуулан эдгээр сүлжээг ашигладаг бөгөөд Хятадын хуулиар ийнхүү нэвтэрсэн тохиолдолд шийтгэл оноох талаарх заалт байдаггүй юм. Гэхдээ 2019 онд Гуандун мужийн оршин суугч гадаадын сайтад нэвтрэхийн тулд VPN сервис ашигласныхаа төлөө 1000 юанийн торгууль төлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ