Агаарын хөлгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна

img

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн тариф, татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

 

 

Тэрбээр “Гаалийн тариф, татварын тухай 2008 онд баталсан хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн 38 дугаар зүйлд иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн татвараас чөлөөлөх тухай заасан.

 

Сүүлийн жилүүдэд хилээр цөөнгүй агаарын тээвэр орж ирж байна. 2016 онд 1, 2017 онд 4, 2018 онд 2, 2019 онд 6, 2020 онд 2, 2021 онд 5 нисдэг тэрэг орж ирсэн байна. Хууль, 2018 онд баталсан худалдааны гэрээ хоёрын хоорондын зөрүүнээс болж агаарын хөлгийн зарим сэлбэгийг татвараас чөлөөлөөд, дагалдах хэрэгсэлд татвар ногдуулахгүй байх зөрчил илэрч байна” гэдгийг танилцуулав.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

 

Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон бусад сэлбэгийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлье гэж байгаа юм байна. Энэ бодлогыг дэмжиж байна. Онгоцны эд анги, сэлбэгийг татвараас чөлөөлсөнөөр ямар үр дүн гарах вэ? Зардал буурахаар онгоцны тийзний үнэ буурах ёстой. Олон онгоц орж ирээд олон улс, аймаг руу нисвэл монголчуудад хэрэгтэй. Нислэгийн тоо нэмэгдэх үү?

 

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулийг хэрэгжүүлсэнээр хэд хэдэн ач холбогдолтой. Иргэний агаарын тээврийн парк шинэчлэлт тулгамддаг. Олон улсын түвшинд парк шинэчлэлтийн асуудлыг ярьж, шийдэх боломж бүрдэнэ. Парк шинэчлэлттэй холбоотойгоор аюулгүй байдал, ажиллагаа нэмэгдэнэ. Дээр нь зардал 10 хувиар буурна. Ингэснээр нислэг, зорчигчид нэмэгдэнэ гэж тооцож байна.

 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Энд онгоцны шатахуун хамаарах уу. Онгоцны шатахууны үнэ өндөр учраас тийзний үнэ өндөр гэж үздэг. Үүнд хариулт өгөөч. 2013 онд Ерөнхийлөгч АНУ-д айлчлахдаа Боинг онгоц гэрээ хэлэлцээр байгуулагдаж, онгоц авахаар болсон. Энэ онгоцны төлбөрийг төлж дууссан уу?

 

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: МИАТ компани 2013 онд Боинг компанитай гэрээ байгуулж, агаарын хөлөг авсан. Одоо 45 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Одоогоор 150 тэрбум төгрөг төлж, үлдэгдлийг графикийн дагуу төлж байна. 

 

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдэн зорчигч тээврийн тарифийг 10-15 хувиар буурах боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Онгоцны түлшний үнэ энэ хуульд хамаарахгүй.

 

Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэнээр энэ хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Нямдорж дандаа ийм балай юм хийж байдгийн.Шинэ жил болж хүмүүсийн анхаарал суларсан энэ үед нисдэг тэрэг оруулж ирдэг хүмүүсийн улсад төлөх татварыг хувьдаа авах арга.Энэ хүнээс ийм санаа гардаг.Одоо зайлаачээ, оруулж ирж байгаа нь бас нэг Увс байгаадаа
2021-12-20