Хатан хааны гэр бүлийн Зул сарын өмнөх оройн зоог цуцлагджээ
Их Британид коронавирусийн омикрон штамм хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор хатан хаан II Елизавета Зул сарын өмнө болдог уламжлалтай гэр бүлийн оройн зоогийг цуцалжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авах эрсдлээс зайлсхийхийн тулд гагцхүү нэн чухал үйл явдалд гол анхаарлаа хандуулах тухай Английн Ерөнхий эмч, профессор Крис Уиттийн зөвлөгөөг хатан хаан дагахаар болсон байна. Оройн хоол ирэх долоо хоногийн эхээр Винзорийн цамхагт болохоор төлөвлөсөн байсан юм. Өнгөрсөн жил мөн л коронавирусийн халдварын улмаас энэ зоогийг цуцалж байжээ.
Ийнхүү зул сарын өмнөх гэр бүлийн зоогийг цуцлах болсон нь гэр бүлийн шийдвэр төдий биш харин өнөөгийн халдварын нөхцөлд Зул сарыг хэрхэн угтахыг хатан хаан биеэрээ үлгэрлэн харуулж байна гэж ажиглагчид үзсэн байна.
Өдгөө 95 настай, хатан хаан II Елизавета Зул сарын амралтын өдрүүдээр Сандрингем явахаасаа өмнөхөн гэр бүлийн гишүүд болон төрөл төрөгсдөдөө зориулан оройн зоог барьдаг. Энэ жилийн оройн зоогт 50 орчим хүн цуглахаар төлөвлөж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ