Нидерланд хатуу хөл хорио тогтоож, бусад орнууд хязгаарлалтаа чангатгав

img

Өмнөд Африкт анхлан илэрсэн коронавирусийн омикрон штамм дэлхийн олон оронд тархаж, улмаар Европ тив энэ мутацитай хэрхэн тэмцэх талаар нухацтай хэлэлцэж байна. Нидерланд улс ням гаригаас эхлэн хатуу хөл хорионд шилжсэн бол Итали улс вакцинд хамрагдсан хүмүүсээ ч шинжилгээнд хамруулах журам нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

 

Албан ёсны мэдээллээр, дэлхий даяар өдөр бүр хагас сая гаруй хүн коронавирусийн халдвар авч байна. Цар тахал дэгдсэнээс хойш, 5,35 сая хүн халдвар авсан гэсэн албан ёсны мэдээлэл гарсан юм. 

 

Нидерланд хөл хорио тогтоов

Хурдацтай тархаж буй омикрон штаммын улмаас Нидерланд улсад хатуу хөл хорио тогтоожээ. Энэ хөл хорио нэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх аж. 

 

Ингэснээр, Зул сарын өмнөхөн хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүр, баар, зоогийн газар, сургууль, үсчин, бэлтгэлийн танхим болон бусад олон нийтийн газрууд хаагджээ. Нидерландын оршин суугчдыг гэртээ байхыг зөвлөсөн бөгөөд энгийн өрүүдэд гэртээ хоёроос дээш хүн урихгүй, харин Зул сарын баяр болон шинэ жилийн баяраар дөрвөөс дээш хүн урихггүй байхыг журамд тусгасан байна. Шинээр хөл хорио тогтоох болсон талаар Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте ердөө ганцхан өдрийн өмнө буюу бямба гаригт зарлажээ.

 

Нидерландад сүүлийн үед коронавирусийн халдварын шинэ тохиолдол буурч байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлээр хоногт 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол 12 дугаар сарын 18-ны өдөр 14,7 мянган тохиолдол бүртгэгджээ. Гэвч нэн хурдтай халдварладаг омикрон штамм нөхцөл байдлыг өөрчилж, эмнэлгүүд асар богино хугацаанд дүүрнэ гэж тус улсын Засгийн газар болгоомжилж байгаа юм.

 

"Бидний эмээж байснаас ч хурдан хугацаанд омикрон штамм тархаж байна. Тиймээс нөхцөл байдал хүндрэхээс өмнө бид одоо л хөдлөх ёстой" хэмээн Нидерландын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Итали шинээр хязгаарлалт тавина


Италийн засгийн газар хязгаарлалтын шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэн, олон нийтийн газраар үйлчлүүлэхэд вакцин тариулсан хүмүүсээс ч шинжилгээ шаардахаар зэхэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газар зөвлөлдсөний дараа, 12 дугаар сарын 23-ны өдөр шинэ хязгаарлалтын талаар Ерөнхий сайд Марио Драги мэдэгдэх төлөвтэй байгаа гэнэ. 

 

Бүжгийн клуб, цэнгэлдэх хүрээлэн зэрэг хүн олноор цугласан газарт очихын тулд коронавирусийн шинжилгээ зайлшгүй шаардах бөгөөд вакцин тариулсан хүмүүс ч коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай болно гэж Италийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ нь мөн л омикрон штаммын улмаас эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино гэж болгоомжилсонтой холбоотой аж. 

 

Түүнчлэн, вакцинд зайлшгүй хамрагдах хүмүүсийн жагсаалтыг өргөжүүлж, амны хаалтыг дотор орчинд төдийгүй гадаа ч зүүхийг шаардах талаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Лондонд онц байдал зарлав 

 

Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид ковидтой тэмцэх шинэ хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж болзошгүй гэдгээ үгүйсгэсэнгүй.

 

"Энэ цар тахалд баталгаа байхгүй. Одоогоор бид бүгдийг анхааралтай ажиглах хэрэгтэй байна" хэмээн Британийн Эрүүл мэндийн сайд ВВС агентлагт өгүүлжээ.

 

Шинээр хязгаарлалт хэрэгжүүлэхгүй бол Британид хоногт эмнэлэгт хэвтэх хүний тоо 3000-д хүрнэ гэсэн Засгийн газрын шинжээчдийн бүлгийн таамаглал Британийн хэвлэлүүдээр тархсан байна. Энэ таамаглалд засгийн газар нухацтай хандаж байгаа ч дахин шалгах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Сажид Жавид өгүүлжээ.

 

Британид омикрон штаммын халдварын тоо эрс нэмэгдэж, тэр дундаа эмч, төрийн албаныхны дунд энэ халдвараар өвчилсөн хүний тоо огцом өссөн тул Лондон хотын дарга Садик Хан бямба гаригт  хотод онц байдлын дэглэм тогтоосон юм.

 

Одоо Англид "Б төлөвлөгөө" гэж нэрлэгдсэн арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо ковид-паспорт үзүүлэх, дэлгүүр болон тээврийн хэрэгсэл, бусад газарт амны хаалт зүүх, аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа юм. Нэгдсэн вант улсын бусад газар нутгуудад ч энэ төрлийн журам хэрэгжиж байгаа бол Уэльс 12 дугаар сарын 27 хүртэл шөнийн клубуудыг хааж, харин Шотланд гурваас дээш гэр бүл нэг дор цугларахгүй байхыг зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

х:
хужаагиин гай дэлхииг самарч байнадаа дэлххин ард түмэнээс уучлалт гуйхан зөвдөө хужаагууд трампиин зөв
2021-12-20