Монгол Омикронд бэлэн үү

img

 

Сүүлийн өдрүүдэд монголчууд коронавирусийн халдвар, түүний мутацилагдсан хувилбаруудын талаарх ойлголтоо толгойноосоо авч хаяжээ. Хэн ч халдварын нөхцөл байдлын талаар сонирхохоо байж. Харин ганцхан шинэ оноо хэрхэн угтах, шинэ жилийн баяртаа юу өмсөх тухайгаа л бодож буй гэлтэй.

 

Олон нийтийн цахим хуудас шинэ жилийн зургаар дүүрэх аж. Хүн бүр цахим хуудасны өдрийн түүхэндээ шинэ жилийн баяраа тэмдэглэж буйгаа харуулах. Ингэхдээ ажаад байхад хүмүүс нэг биш нэлээн хэдэн шинэ жилийн баярт уригдаж оролцож байгаа харагдана. Хэдийгээр улсын онцгой комиссоос аливаа арга хэмжээнд оролцохдоо заавал гуравдугаар тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан боловч түүнийг биелүүлж байгаа нь цөөхөн аж.

 

Манай улсад коронавирусийн анхны дотоодын тохиолдол өдийгөөс жилийн өмнө бүртгэгдэж байсан. Харин “Дельта” хувилбар зургаан сарын өмнө бүртгэгдсэн.

 

Хэдийгээр дархлаажуулалтын ажил хоёрдугаар сараас эхэлж идэвхтэй өрнөж байгаа ч тохиолдол, халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдэж байгаа.

 

Гэвч халдварын шинэ мутацилагдсан хувилбар дэлхий дахинаа өнгөрсөн сард бүртгэгдсэн.  Тодруулбал, “Омикрон” хувилбар. Тус хувилбар нь Африкийн орнуудад анхлан бүртгэгдсэн.

 

Омикрон хувилбарын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “ДЭМБ-аас арванхоёрдугаар сарын 14-нд мэдээлэл хийсэн. Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 86 оронд бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын халдварлах түвшин өмнө хувилбаруудаас хамгийн өндөр байгааг онцолсон. ДЭМБ-аас урд орнууд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлаа хангахыг уриалсан бөгөөд нэг жилийн өмнөхтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарууд суларсан, хүний нөөц сульдаж ядарсан байгаа нь байдлыг хүндрүүлж байгааг анхаарууллаа. ДЭМБ-аас вакцины бүүстэр тунг эсэргүүцэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд вакцины тэгш хүртээмжтэй байдал чухал гэдгийг мэдэгдлээрээ онцоллоо.

 

Манай омикрон хувилбарыг анхааралтай ажиглаж, бэлтгэлээ базааж байна.

 

1-2 сарын дараа дэлхийн дийлэнх орнууд “Дельта болон Омикрон" хувилбар зэрэгцсэн давлагаанд өртөх эрсдэл үүсээд байгаа бөгөөд дээрх хоёр хувилбараар зэрэг халдвар авч өвдөж байгаа тохиолдлууд бүртгэгдэж байна.

 

Омикрон хувилбар цагаан мөгөөрсөн хоолойн салстад Дельта хувилбараас 70  дахин хуваагдан олширч байгааг нотолсон бөгөөд халдвар чадвар өндөр байгаагаас уушгины эд эс нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстад нэвтэрч олшрон үрэвсэл үүсгэж байгаа судалгаа гарсан. Ийм шалтгаанаар Омикрон хувилбарын голлон бүртгэгдэж байгаа таван шинж тэмдэг амьсгалын дээд замтай холбоотой. 

 

 Омикрон хувилбарын шинж тэмдэг: 

 

  • Нус гоожих

  • Хоолой өвдөх

  • Найтаах

  • Ханиах

  • Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийн шинж тэмдэг давамгайлж байна. Мөн ядарч цуцах толгой өвдөх гэсэн шинж тэмдэг илэрч байгаа” гэж мэдээлсэн.

 

Өвлийн улиралд монголчууд дулаан орон руу олноор аялдаг. Өнгөрсөн жил хил хаалттай байсан учир аялаагүй. Харин энэ жил манай улсын иргэд олноор гадагшаа аялж байгаа. Гэвч монголчуудын олноор аялдаг бүс нутгуудад “Омикрон” хувилбар бүртгэгдэж буй. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрээр шинэ хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас ирж буй өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлах, гадны жуулчин авахгүй байх шийдвэр гарсан ч халдвар тархах аюултай.

 

Мөн шинэ жилийн баяр цугларалтаас үүдэж “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэх аюултай. Шинэ жилийн баяр, аялалыг хязгаарлахгүй бол “Дельта” хувилбарын давлагаа, Омикроны тархалтад бид бэлэн гэж үү. Дахиад л дараа жилийг шинэ хувилбарын давлагаанд, хөл хорионд өнгөрөөх гэж үү? Бид бэлэн байдлаа бүрэн хангасан гэж үү? Монгол Улс Омикронд бэлэн үү? 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОМИКРОН МОНГОЛ:
МОНГОЛ УЛС ОМИКРОНД БЭЛЭН БИШ. ОЛОН ХҮН ГАДАГШАА ГАРЧ ЯВААД ИРЭХДЭЭ БҮГД ОМИКРОНТОЙ ОРЖ ИРЭЭД ТАРААХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР НЬ ЦӨХӨРЧ ТУЙЛДСАН. ОДОО БОЛ ӨВЧТӨН НАС БАРЖ БАЙСАН ЭМНЭЛГИЙНХЭН БАС ӨӨРСДӨӨ ЭНДЭХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ. ТӨСӨВ ХӨРӨНГӨ НЬ Ч ШАВХАГДСАН. ОДОО ЮУГААРАА ЯАЖ САНХҮҮЖҮҮЛЖ ТЭМЦЭХ ЮМ БҮҮ МЭД. ХӨШӨӨ БУНХАНДАА ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЦАЦДАГ ТӨР НЬ ЯАХАА МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ. УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС НЬ ХЭД НЬ ҮХЭЖ ДАЛДАРЧ БАЙЖ Л ОЙЛГОХ БАЙХ ДАА ЧААВААС ГЭЖ....
2021-12-20