Apple ажилтнуудаа гэрээр ажиллахад нь зориулж шагналт цалин олгоно

img


Apple компани ажилтнуудаа гэрээсээ ажиллахад нь зориулж тус бүр 1000 долларын урамшуулал олгохоор болжээ. АНУ-д омикрон штамм хурдацтай тархаж, энэ компани ажилтнуудаа гэрээсээ ажиллах хэлбэрт дөрөв дэх удаагаа шилжүүлсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. 

 

Apple компанийн тэргүүн Тим Кук гэрээс ажиллах хугацааг сунгаж байгааг дуулгаж, вакцинд хамрагдахыг уриалсны дээр гэртээ ажиллахад тав тухтай нөхцлийг бүрдүүлэхэд нь зориулж 1000 доллар олгохоор болсноо дуулгасан захидлыг ажилтнууддаа илгээсэн байна. Энэ шагналт цалинг компанийн нэрийн барааны дэлгүүрийн ажилтнууд гээд бүх ажилтан авах юм байна. "Энэ мөнгө та бүхэнд гэртээ ажлын байр бий болгоход туслах зорилготой" гэж Тим Кук онцлоод, гэхдээ ажилтнууд "өөрсдөө шаардлагатай гэж үзсэн зорилгодоо зарцуулж болно" хэмээжээ.

 

Apple компани 2022 оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн ажилтнуудаа офист ажиллуулахаар төлөвлөж байсан ч омикрон штаммын халдварын улмаас төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Цаашлаад, цар тахал намжиж, офисын ажилд эргэн шилжсэн ч Apple компани ажлын холимог хэлбэрийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, ажилтнууд долоо хоногийн гурван өдөр офист ажиллах, мөн жилийн туршид нэг сарыг гэрээсээ ажиллах сар болгон сонгох боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ