ШЕЗ: Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын хөрөнгийг битүүмжилсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
ШЕЗ "Прокуророос шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг нарт Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,
шүүгдэгч Д.Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ё.Гэрэлчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож/нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял,
Шүүгдэгч Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1 тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт,
иргэний хариуцагч Бэрэн ХХК-наас 9 тэрбум төгрөгийг,
шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг,
шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг
шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэсэн" гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-Тус 11 хүн холбогдох эрүүгийн хэрэгт НЗДТГ хохирогчоор тогтоогдсон. Эдгээр гэм буруутайд тооцсон шүүгдэгч нараас гаргуулж байгаа төлбөр тооцоог цаашид хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах байх.
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын хөрөнгийг битүүмжилсэн үү?
-Прокурорын шатанд хөрөнгийг битүүмжилсэн. Шүүхээс хувь тэнцүүлэн гаргах үнийн дүнг тодорхой зааж өгсөн.
Б.Чулуудай аавыг нь гэм буруугүй байхад ялласан гэж мэдэгдсэн. Шүүхэд нөлөөлсөн гэж ямар нэгэн хуулийн арга хэмжээ авах уу?
-Гэм буруугүй, хохирогчгүй байхад нь гэм буруутай гэж шүүсэн гэсэн асуудал яригдаж байгаа байх. Ийм асуудал байхгүй. Мөрдөгч, прокурор нар нотлох баримтыг цуглуулдаг. Шүүх нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдэж, хуульд заасан үндэслэлийн дагуу ял шийтгэл оноодог. Хэн нэгэнд хүчээр тулгаж ял оноож байгаа зүйл байхгүй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ