МАН-ын бүлэг: Ковидын хуулийг зургаан сараар сунгана

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар
-
Шинэ сэргэлтийн бодлого, дагалдах хуулиудын асуудал
-
Ковидын хуулийг сунгах асуудал
-
Төрийн үйлчилгээний ажилчдыг гэрээгээр ажиллуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна.
Эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн дунд хугацааны хөтөлбөртэй уялдуулан 47 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аж. Үүний эхний 20 орчим хуулийг Засгийн газар бэлтгэж, УИХ-д оруулахаар болсон байна. Уг хуулиудыг намрын чуулганд багтаан, хэлэлцэж дуусгах шаардлагатай гэж намын бүлэг үзжээ.
Үүнээс гадна МАН-ын бүлэг Ковидын хуулийг зургаан сараар сунгах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дэлхий нийтэд коронавирусийн халдвар намжаагүй, шинэ хувилбар гарч ирэн аюултай байдал үүсч болзошгүй байна. Мөн манай улсын хил гааль хаагдаж, экспорт зогссон байгаа. Эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Тиймээс яаралтай зохицуулалт хийх шаардлагатай гарна. Ийм хоёр шалтгаанаар Ковидын хуулийг зургаан сарын хугацаагаар буюу 07 дугаар сарын 01 хүртэл сунгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн тайлбарыг өглөө. Уг асуудлыг Засгийн газар лхагва гаригийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Парламент хугацаа сунгах асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэх юм байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ