Меркель, Абэ нар суудлаасаа бууж, Мьянмарт цэргийн эргэлт гарсан жил

img

 

Дэлхийн дахиныг коронавирусийн цар тахал бүрхээд хоёр жилийн нүүрийг үзэв. Энэ хугацаанд гарсан үйл явдлууд ихэвчлэн хөл хорио, коронавирусийн халдвартай холбоотой байлаа. Гэсэн ч эдийн засаг, улс төрийн салбарт анхаарал татсан үйл явдлууд ар араасаа гарсан юм.  

 

1.    Трампын эрх мэдлийн шунал 4 хүний аминд хүрэв

 

2020 оны 11 дүгээр сард АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, улмаар Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялагдаж, Жо Байден ялалт байгуулсан юм. Гэсэн ч ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй Трамп дэмжигчдээ “турхирснаас” үүдэн  2021 оны нэгдүгээр сард эсэргүүцлийн жагсаал өрнөж, Цагаан ордонд Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалд батлах хурал болохыг таслан зогсоох зорилготой үймээн өрнөв. 


Эсэргүүцэгчид Капитолийг эзлэн, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас дөрвөн хүний аминд хүрсэн юм. Үймээнийг намжаахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглан барилгаас шахан гаргаж байлаа. Улмаар орон нутгийн цагаар нэгдүгээр сарын зургааны 18.00 цагаас эхлэн хөл хорих цаг тогтоож байв. 


2. Мьянмарт цэргийн эргэлт гарав 

 

 

Хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний дэмжлэгтэй нам парламентын сонгуульд ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн болон засгийн газрын хооронд олон хоног хурцадмал байдал үүссэний дараа цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн. Тэд улсынхаа удирдлагуудыг баривчилсны дараа Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоон, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег түр хугацаанд ерөнхийлөгчөөр томилсон юм. 


Хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын иргэний засгийн газрыг түлхэн унагасан цэргүүдийн эсрэг олныг хамарсан жагсаал болж, цаашлаад энэ төрлийн эсэргүүцлийн арга хэмжээ олон сар үргэлжилж, цэргийнхэн тэдний эсрэг хүч хэрэглэснээр олон зуун хүн амиа алдав. 

 

3. Эвер Гивен суэцийн сувгийг хааж, логистик, худалдаанд хүнд цохилт ирэв 

 

Эвер гивен нэртэй асар том чингэлэг тээвэрлэгч гуравдугаар сарын 23-ны өдөр Суэцийн сувагт хайргадаж, сувгийг бөглөв. Ингэснээр сувгаар нэвтрэх гэж хүлээсэн хөлөг онгоцнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, улмаар дэлхий даяар ачаа хүргэх хуваарьт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байлаа. 


Суэцийн суваг нь дэлхийн хамгийн эрэлттэй худалдааны замуудын нэг бөгөөд үүгээр дэлхийн нийт бараа эргэлтийн 12 хувь орчим нь дамжин өнгөрдөг юм. 

Дөрвөн зуун метрийн урттай Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч сувгийг бөглөснөөс үүдэн 300 орчим усан онгоц сувгаар нэвтрэхээ хүлээж байсан бөгөөд хөлөг онгоцнууд сул зогссон цаг бүрт асар их хохирол учирж, өдөр бүр 9.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн саатаж байгаа талаар шинжээчид өгүүлж байв. 

 

4. Ханхүү Филипп таалал төгсөв 

 


Дөрөвдүгээр сарын есний өдөр Их Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр, ханхүү Филипп таалал төгсөв. Тэд хамтдаа 73 жил амьдарсан. Ханхүү Филипп таалал төгссөнтэй холбоотойгоор Их Британид үндэсний хэмжээний гашуудал зарлаж, түүнийг Винзорын цамхагийн Гэгээн Георгийн дуганд оршуулсан юм. 


5. Казанийн халдлага 

 

2021 оны тавдугаар сарын 11-ний мягмар гарагт Татарстаны нийслэл Казаньд №175 сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас долоон сурагч, хоёр насанд хүрсэн хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадав.  Сургууль руу дайрсан этгээд нь 19 настай, Ильназ  Галявиев байлаа. Түүний үйлдсэн хэрэг нь сүүлийн жилүүдэд Орост гарсан хамгийн том халдлагад тооцогдож байгаа юм. 


6. Цар тахлын улмаас хойшлогдсон Зуны Олимп боллоо 

 

Долдугаар сарын 23-ны өдөр Японы нийслэл Токио хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадам нээлтээ хийлээ. Цар тахлын улмаас түүхэнд анх удаа хугацаа нь хойшилсон энэ олимпод манай улсын баг тамирчид ихээхэн амжилттай оролцсон юм. 


Коронавирусийн цар тахал энэ олимпод ихээхэн өөрчлөлт оруулсан. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс үзэгчгүй зохион байгуулсан бөгөөд асар том цэнгэлдэх хүрээлэнд олон улсын болон улс орнуудын олимпын хороодын төлөөлөгчид болон албаны этгээдүүд нийлсэн нийт 1000 үзэгч тамирчидтай мэндчилсэн юм. Түүнчлэн бусад уралдаан тэмцээнүүд ч үзэгчгүй болж өнгөрөв. 


7. Талибууд Афганистаны эрх мэдлийг гартаа авав 

 

2021 онд АНУ болон НАТО-ийн цэргүүд Афганистаныг орхин гарч эхэлснээр тус бүс нутагт нөхцөл байдал хурцдав. Америкийн цэргүүд гарч эхэлснээс эхлэн л засгийн газрын цэргүүдтэй тулалдаж эхэлсэн талибууд ээлж дараалан стратегийн гол цэгүүдийг эзлэн, улмаар наймдугаар сарын 15 гэхэд Афганистаны нийслэл Кабулд тулж ирсэн юм. Ингээд тэд зэвсэггүйгээр Кабулыг эзлэн авч, Ерөнхийлөгчийн ордон дээр тугаа мандуулав. Энэ зуур тус улсын Ерөнхийлөгч асан Ашраф Гани хэдийнэ ойрын хүрээллийнхний хамт эх орноосоо зугтсан байлаа. Ийнхүү Афганистаныг дахин хяналтдаа оруулсан талибууд өдгөө засгийн газраа эмхлэн байгуулж, олон улстай харилцаа холбоо тогтоохыг хичээн ажиллаж байна. 

 

8. Японы Ерөнхий сайд солигдов

 

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ наймдугаар сарын 19-нд эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа орхисон юм. Шинзо Абэ гэдэсний салст бүрхэвчний архаг үрэвсэлтэй бөгөөд тэрбээр энэ өвчний улмаас 2006 онд албан тушаалаа өгч байжээ. Харин дараа нь түүний эрүүл мэнд тогтворжиж, 2012 онд Шинзо Абэг дахин Ерөнхий сайдаар сонгосон байна.

Наймдугаар сарын 24-ний өдөр Абэ энэ албан тушаалыг хашсан 2799 дэх өдөр байсан бөгөөд энэ нь Японы бусад Ерөнхий сайд нартай харьцуулахад хамгийн удаан хугацаанд тооцогдож байгаа.Шинзо Абэгийн орыг Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кисида залгамжлах болсон юм. 

 

9. Оросын “Листвяжная” уурхайд осол гарч 64 хүн амиа алдав 

 

ОХУ-ын Кемерово мужийн Белово үйлдвэрт 11 дүгээр сарын 25-ны өдөр утаа гарч, энэ үеэр Листвяжная уурхайн гүнд 285 хүн газар дор байснаас ихэнх нь гадагш гарч чадсан байна. Уурхайн гүнд үлдсэн хүмүүсийг уулын аврагчид аврахаар гүн рүү орсон ч дэлбэрэх аюултайн улмаас тэднийг эргүүлэн гаргаж байлаа. Ослын шалтгааныг метаны дэлбэрэлт гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан юм. Энэ ослын улмаас 46 уурхайчин, онцгой байдлын албаны таван ажилтан гээд нийт 51 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдсан гэсэн мэдээлэл гарч байв.

Гэсэн ч үүнээс хэд хоногийн дараа уурхайн гүнээс дахин 13 цогцос олдсон байна. Ингэснээр энэ ослын улмаас нийт 64 хүн амиа алджээ. Энэхүү эмгэнэлт хэргийн улмаас Кемерово мужид гурав хоногийн гашуудлын өдөр зарлаж байв. 

 

10. Ангела Меркель албан тушаалаасаа буув 

 

 

Германы төрийн эрхийг хамгийн олон жил барьсан Ангела Меркель улс төрөөс явах болсон нь энэ онд олон улсын анхаарлыг ихээр татсан юм. Түүнийг үдэх ёслол 12 дугаар сарын хоёрны өдөр болсон бөгөөд цар тахлын улмаас энэ ёслолд цөөн хүн оролцсон байна. Цэргийн үлээвэр найрал хөгжим бүхий ёслолоор Меркелийг үдсэн бөгөөд энэ төрлийн ёслолыг Холбооны Ерөнхийлөгч, канцлер, Батлан хамгаалахын сайд албан тушаалаа орхих, тэтгэвэрт гарах үед л зохион байгуулж, хүндэтгэл үзүүлдэг  юм байна. 


Германы төрийг 16 жил барьсан Ангела Меркелийг ийнхүү үдэж, түүний оронд  тус улсын дэд канцлер, сангийн сайд, социал демократ намын Олаф Шольц шинэ канцлераар тодорсон юм. 
 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ