ОХУ Германы хоёр дипломатыг хөөв

Германы Гадаад хэргийн яам Оросын хоёр дипломатыг "персона нон-грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж, Германаас гаргахаар болсон мэдээлэл 12 дугаар сарын 15-ны өдөр гарч байлаа. Тухайн үед үүнийг Берлин дэх Оросын Элчин сайдын яам эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв.
Улмаар Германы дээрх үйлдлийн хариуд Орос улс Германы хоёр дипломатыг "персона нон грата" хэмээн зарлажээ. Регнум агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сарын 20-ны өдөр Оросын Гадаад хэргийн яаман дээр ХБНГУ-ын Элчин сайд Гез Андреас фон Гайрыг дуудан ирүүлж, дипломатуудыг хөөн гаргахаар болсон талаар дуулгасан байна. Харин Германы Элчин сайдын яам энэ шийдвэрийг үндэслэлгүй хэмээн мэдэгджээ.
Оросын дипломатуудыг "тааламжгүй этгээд" хэмээн зарласан нь
Энэ сарын 15-ны өдөр Германы Гадаад хэргийн яам тус улсад байрлах Оросын ЭСЯ-ны хоёр дипломатыг "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж, нутгаасаа гаргахаар болсоноо зарласан юм. Ийнхүү Оросын дипломатуудыг хөөх болсон шийдвэр нь Оросын иргэнд Берлиний шүүхээс ял тулгасан үйл явдалтай холбоотой.
Тодруулбал, 12 дугаар сарын 15-ны өдөр Берлиний дээд шүүх Оросын 49 настай иргэнийг Чечений хоёрдугаар дайны үед Шамиль Басаевын дайчдын талд Оросын эсрэг дайтаж байсан хээрийн командлагч Зелимхан Хангошвилиг 2019 онд хөнөөснийх нь төлөө бүх насаар нь хорих ял оноосон юм. Шүүгч үйлдсэн гэмт хэргийг онц ноцтой гэж үзэн, Оросын иргэнийг хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноожээ. Мөн хүний амь хөнөөсөн Оросын иргэн "төрийн захиалгаар" ийм үйлдэл хийсэн гэж Германы эрх баригчид үзэж байгаа юм.
Ингээд шүүхийн шийдвэр гарсан өдөр Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербюк Оросын Элчин сайдыг дуудаж уулзсан юм. Улмаар ОХУ-ын хоёр дипломатыг персона нон-грата хэмээн зарлаж байгаагаа дуулгасан. Мөн дээрх хүн амины хэрэг нь Германы хууль тогтоомж, тусгаар байдлыг зөрчиж байна хэмээн Германы Гадаад хэргийн сайд мэдэгдээд, энэхүү хэрэг нь Оростой харилцах харилцааг хүндрүүлнэ хэмээж байлаа.
Хангошвилиг хөнөөсөн нь
Чечений хоёрдугаар дайны үед Шамиль Басаевын дайчдын талд Оросын эсрэг дайтаж байсан хээрийн командлагч Зелимхан Хангошвилиг 2019 оны наймдугаар сард Берлин хотноо толгойн тус газраа буудуулан амиа алдсан юм. Энэ хэрэгт Оросын талыг буруутгаж байсан бол Москва энэ аллагат хамааралгүй хэмээж байлаа. Хэргийг мөрдөн шалгах явцад хоёр орны хооронд удаа дараа дипломат дуулиан гарч байв.
Өмнө нь Германы тал Хангошвилиг хөнөөсөн Оросын иргэнийг Оросын талд шилжүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарч байв. Гэсэн ч 12 дугаар сарын 15-ны өдөр ийнхүү бүх насаар нь хорихоор болжээ.
Шүүхийн энэ шийдвэрийг Герман дахь Оросын ЭСЯ илэрхий найрсаг бус алхам хэмээн нэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрт хүн амины хэргийн ард Оросын төрийн байгууллагууд зогсож байгаа мэтээр тусгасан нь илтэд улс төржсөн, "хэвийн бус байгаа Герман, Оросын харилцааг улам төвөгтэй болгосон шийдвэр" гэж Берлин дэх Элчин сайд Сергей Нечаев мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ