Теннисчин Пэн Шуай: Хүчирхийлүүлсэн гэж хүмүүс буруу ойлгосон

Хятадын алдарт теннисчин Пэн Шуай хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд буруутгаагүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа шуугиан тарьснаас хойш анх удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Сингапурын Lianhe Zaobao сонинд өгсөн ярилцлагадаа Пэн Шуай түүний Weibo дахь постыг хүмүүс буруугаар ойлгосон, мөн тухайн нөхцөл байдлыг "хувийн асуудал" хэмээн нэрлэжээ.
Энд сануулахад, 11 дүгээр сарын эхээр теннисчин бүсгүй Weibo олон нийтийн сүлжээнд нэгэн пост оруулсан нь ихээхэн шуугиан тарьж байв.
Тэрбээр энэ постдоо өдгөө тэтгэвэрт гарсан, Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтан Жан Гаоли Пэн Шуайд бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлдэг байсан хэмээн бичсэн юм. Пэн Шуайгийн пост хэдхэн минутын дотор устсан ч энэ постыг скриншот хийж авсан зургууд цахим ертөнцөөр тархаж байлаа.
Олон нийтийн сүлжээнд ийнхүү шуугиан тарьсныхаа дараа гурван долоо хоногийн туршид теннисчин бүсгүй олны өмнө гараагүй юм. Тиймээс НҮБ Пэн Шуайг эсэн мэнд байгааг батлах нотолгоо харуулахыг шаардаж байлаа. Түүнчлэн теннисчин бүсгүйг хүчирхйилж байсан албан тушаалтны хэргийг шалгахыг НҮБ шаардаж байсан юм.
Мөн Эмэгтэй теннисийн холбоо Хятадад болох бүхий л тэмцээнүүдийг түр зогсоохоо мэдэгдсэн. Пэн Шуайтай чөлөөтэй харилцахыг зөвшөөрөөгүй, энэ нь бэлгийн хүчирхийлэлд албан тушаалтныг буруутгаснаас үүдэлтэйгээр түүнд дарамт шахалт үзүүлж байгаа нь тодорхой хэмээн Эмэгтэй теннисний холбооны дарга Стив Саймон мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ