Эрдэмтэд: Синофарм вакцины бустер тун омикроны эсрэг үр дүн багатай

Хятадын Синофарм компанийн үйлдвэрлэсэн вакцины бустер тун омикрон хувилбарын эсрэг "харьцангуй үр дүн багатай" байсан гэж Хятадын судлаачид мэдэгджээ. Гэхдээ энэ вакцин омикрон хувилбарыг эсэргүүцэж чадах эсэх талаарх эцсийн дүгнэлт хараахан гараагүй гэж Хятадын эрдэмтэд мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхай их сургууль болон Амьсгалын замын өвчнөөр дагнасан Шанхайн лабораторийн эрдэмтэд Синофрам вакцины бустер тунг Уханьд анх илэрсэн штаммын эсрэг үйлчилж байсан үейинхтэй харьцуулсан байна. Энэ харьцуулсан судалгаагаар, вакцины үр дүн Wuhan штаммын эсрэг үйлчилж байснаасаа 20,1 дахин бага үр дүнг омикрон штаммын эсрэг үзүүлж байжээ.
Хэдийгээр ийнхүү үр дүн нь багассан ч омикрон штаммаас үүдэлтэй өвчлөлийг хүндрүүлэхээс хамгаална гэж эрдэмтэд онцолсон байна.
Энэ мэдээлэл гарахын өмнө, Синовак вакцины үр дүнтэй холбоотой судалгааг Хонконгийн эрдэмтэд танилцуулж байлаа. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, Синовак вакцины хоёр тун омикрон штаммаас хамгаалж чадахгүй нь тогтоогджээ.
Хонконгийн их сургуулийн судлаачдын багийн мэдэгдсэнээр, Синовак вакцины хоёр тунг тариулсан 25 хүнээс шинжилгээ авахад нэгэнд нь ч омикрон штаммыг саармагжуулах хэмжээний эсрэг биет олдоогүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ