Германд шинээр хязгаарлалтын арга хэмжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна

img

Германы Засгийн газар 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шинээр хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ хязгаарлалтад вакцин тариулсан хүмүүс болон халдвар аваад эдгэрсэн хүмүүс ч хамаарна гэж DW агентлаг Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглохоор зэхэж байгаа гэнэ. Мөн вакцин тариулаагүй хүмүүс гагцхүү нэг гэрт амьдардаг хүмүүстэйгээ л уулзахыг зөвшөөрөх аж. Түүнчлэн шөнийн болон бүжгийн клубуудыг хаахаар төлөвлөж байгаа бөгөөд харин зоогийн газар, соёлын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхаар төлөвлөжээ.

 

Ийнхүү хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон нь омикрон штаммын дэгдэлттэй холбоотой юм. Өмнөд Африкт анхлан илэрсэн коронавирусийн энэ шинэ штамм нь нэн хурдтай халдварлах бөгөөд ердөө сарын дотор дэлхийн 90 орчим оронд бүртгэгдээд байна. Тэр дундаа Европын орнуудад хурдацтай тархаж байгаа тул энэ тивийн орнууд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн ДЭМБ шинэ штаммын аюулаас сэрэмжлэх үүднээс шинэ жилийн баярын арга хэмжээгээ цуцлахыг уриалсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ