Ж.Цогтсугар: Архи шахдаг байдлыг "хэрэглээний хүчирхийлэл" гэж хуульчлах хэрэгтэй

Хуульзүйн байнгын хорооноос согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Архинд донтсон хүнийг албадан эмчлэх биш оюун санаа, зан үйлийг нь өөрчлөх цаг болсныг Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Ж.Цогтсугар хэлж байна.
Тэрбээр “...Албадан эмчилгээ гэсэн нэршлээс эхлэх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд албадан гэсэн үг зохих уу, хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөх вэ. ДЭМБ-аас нийгэмд, хамт олон суурилсан эмчилгээг зөвлөөд байхад бид албадлагын эмчилгээг голчилж байна. ДЭМБ болон манай эмч нар F10 ангиллын архины шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг гэж тодорхойлж байна. Сэтгэцийг нь эмч нар анагааж байна. Зан үйлийг нь анагаадаг эм энэ дэлхийд байхгүй. Энэ бол албадлага, тушаалаар хийдэг ажил биш. Оюун санааны ажлыг мэргэшсэн ТББ-д даатгамаар байна” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Мөн тэрбээр баяр ёслол, уулзалтад нэгнээ архиар шахдаг байдлыг хуульчлах хэрэгтэйг хэлж байна. Энэ талаар Ж.Цогтсугар “..Хүнийг хүсээгүй байхад нь архиар шахах, согтоох бол хүчирхийлэл. Үүнийг хэрэглээний хүчирхийлэл гэсэн томъёоллоор хуулинд оруулах хэрэгтэй. Тэгж байж бусдыг шахахаа болино. Архинд орж байгаа хүмүүс тэнгэрээс бууж ирээгүй. Төрийн тогооноос унасан учраас нийгэм, хамт олон дунд нь эргэж “чанадаг”. Түүнээс тусгаарлаж, салгаж, үзэн ядаж гутаагаад хийдэг ажил биш” хэмээн тайлбарлалаа.
Үүнээс гадна архины зохистой хэрэглээ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол архи үйлдвэрлэгч компанийн рекламны санаа. Хүүхдэд хэзээ ч зохистой хэрэглээ гэж сургаж болохгүй. Архинд донтсон хүн зохистой хэрэглэнэ гэж хэзээ байхгүй. Тэр хүмүүстэй огт амсахгүй байх тухай л ярина гэдгийг хэлж байна.
Манай улсад эрэгтэйчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдээс 9.7 жилээр бага болсон. Энэ бол архидалтын үр дүн. Архидалт бол нийгмийн аюултай үзэгдэл болоод байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ