Т.Баярхүү: Гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлана

УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Омикрон хувилбар дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдсэн. Иймд хилийн чанадаас ирсэн 5600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж нэвтрүүлсэн байна. Үүнээс 180 зөөвөрлөгдсөн тохиолдлыг хилийн хяналтад илрүүлсэн. Гадны улс орнуудаас ирсэн иргэд 10 хоног гэрийн ажиглалтад байна. Ингээд тусгаарлалтын 4 дэх хоногт нь шинжилгээ авч байгаа. Цаашид омикрон хувилбарыг дотоодод тархаахгүй байх эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс УОК-т тавьж, Засгийн газрын хуралдаанд оруулснаар тогтоол гаргасан. Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, гурав дахь хоногт нь шинжилгээ авч гэрт хариулахаар болж байна.
Хилийн чанадаас ирж байгаа бүх зорчигчид 72 цагийн хугацаанд хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд онгоцонд сууж ирж байгаа. Ирснийх нь дараа нисэх буудал дээр түргэвчилсэн шинжилгээ авах юм" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ