БНХАУ: Аюулгүй байдлыг хамгаалахын тулд гадаадын иргэд шашин сурталчлахыг хориглоно

img

Хятадад гадаадын байгууллагууд болон гадаадын иргэд цахим ертөнцөд шашны агуулгатай мэдээлэл түгээхийг хориглохоор болжээ. Энэ талаар South China Morning Post мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гадаадын иргэд шашны ёслолуудын талаар интернет орон зайд мэдээлэл тараах бол Хятадын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой болжээ. Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэхэ бөгөөд "Цахим ертөнцөд шашны мэдээллийг зохицуулах арга хэмжээ" нэртэй журам 2022 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.

 

Шинэ журамд зааснаар, шашны агуулгатай контент түгээх тусгай зөвшөөрөл авах горилогчид нь Хятадад байрладаг хуулийн этгээд эсвэл хувь хүн байх бөгөөд Хятадын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, харин гол төлөөлөгч нь БНХАУ-ын иргэн байх ёстой гэнэ.

 

Энэ журам гарахаас өмнө Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргар Ши Жинпинь шашныг "хятаджуулах"-ын чухлыг онцлоод, цахим ертөнц дэх шашны үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгахыг уриалсан юм. Шашин нийгмийн дэг журмыг алдагдуулах ёсгүй, шашин боловсрол, шүүх, удирдлагын асуудал эсвэл нийгмийн амьдралд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж Ши Жинпинь үзэж байгаа аж.

 

Шашин шүтлэгийг хязгаарласан өмнөх алхмууд 

 

Шашин түгээхэд хязгаарлалт тавьж байгаа нь энэ улсын хувьд анхны тохиолдол биш юм. Хятадын эрх баригчид иргэдийнхээ шашин шүтлэгийг хянах оролдлого өмнө нь ч хийж байлаа. Шашин шүтлэгийн асуудал нь Хятадын эрх баригчид болон Барууны орныхны хоорондын сөргөлдөөний гол шалтгаан болдог юм. Тэр дундаа Шинжаан-Уйгурын өөртөө засах орон дахь муслим шашинт цөөнхүүдийн тал дээр баримталж буй Хятадын эрх баригчдын бодлого ихээхэн шүүмжлэл дагуулж, улмаар барууны орнууд Хятадын эсрэг удаа дараа эдийн засгийн хориг тавьсаар байгаа юм.

 

Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд байх мусульманчуудын шашин шүтэх эрхэнд нь халдаж буй үйлдэл гарсаар байгаа гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гардаг. Тухайлбал, мусульманчуудыг хүүхдүүддээ уламжлалт нэр өгөхийг хориглосны дээр гахайн мах идэж, согтууруулах ундаа хэрэглэхийг шахдаг гэнэ. Исламын шашинд гахайн мах, согтууруулах ундаа хориотой байдаг юм. Түүнчлэн хань үндэстний төлөөлөгчдийг энэ нутагт суурьшуулж, үрийн сувгаа боолгуулах шийдвэр гаргасан уйгур эмэгтэйчүүдийг урамшуулдаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байлаа. 

 

Энэ оны гуравдугаар сард Newlines Institute судалгааны төв мэдэгдэл хийхдээ Геноцид гэмт хэргээс сэрэмжлэх тухай НҮБ-ын Конвенцийн хоригуудыг бүгдийг нь Хятадын эрх баригчид зөрчдөг гэж онцолж байлаа. Шинжаан-Уйгур дахь мусульман-уйгурууд болон бусад мусульман цөөнхүүдтэй тулгарч буй асуудлыг устгал гэж нэрлэж болно гэж олон улсын байгууллага мэдэгдэж байв. 

 

Мөн БНХАУ-д цагдаагийн мөрдөгч байгаад Европ руу дүрвэсэн эр 2021 оны 10 дугаар сарын зургааны өдөр хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө Хятадын эрх баригчид хэрэг тулган хүлээлгэхийн тулд мусульман-уйгуруудыг хэрхэн тамладаг талаар ярьсан байна. Түүний өгүүлснээр, саатуулагдсан хүмүүсийг зодож, гүйдлээр цохиулж, бүлэг хүмүүсээр хүчирхийлүүлэн, терроризмын хэрэг хүлээхийг тулгадаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бодох л бодол:
.Шашин шүтлэг ч хэм хэмжээтэй.түүнээс халивал мунхрал
2021-12-23