Афганистан: Эмнэлэгт эрэгтэй хүн дагуулж ирээгүй эмэгтэйд эмчийн үзлэг хийхийг хориглов

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан"-ын эрх баригчид тус улсын Газни мужид эмэгтэйчүүдийг эрэгтэй хүн дагуулан очоогүй л бол тэдэнд эмчийн үзлэг хийхийг хориглосон байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар Etilaatroz мэдээлжээ.
Өмнө нь афган эмэгтэйчүүд төрөл садангийн эмэгтэйгээ дагуулан эмнэлэгт үзүүлэх боломжтой байсан гэнэ. Харин талибуудын комисс эрэгтэй хүнд хэлэлгүйгээр эмэгтэйчүүд эмнэлэгт хандах нь "хууль бус, ёсзүйгүй" хэмээн үзжээ. Тиймээс эрэгтэй хүнтэй хамт ирээгүй эмэгтэй өвчтөнүүдэд тусламж үзүүлэхгүй, эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй байхыг эмч нарт сануулсан байна. Ийм хориг Афганистаны бусад мужуудад ч үйлчилж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Энд дуулгахад, талибууд төрийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг ихээхэн хааж боосон журмуудыг ар араас нь гаргасаар байгаа юм. Афганистаны эмэгтэйчүүдийг нүүр царайгаа ил гаргасан хувцас өмсөхийг хориглож, одоо энэ улсын эмэгтэйчүүд гагцхүү хар өнгөтэй паранжа хэмээх бүх биеийг хаасан хувцас, никаб буюу зөвхөн нүд ил гарсан хэсэгтэй хувцас өмсөхийг шаардах болсон.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбар ч олон шаардлага, хоригтой нүүр тулж байгаа аж. Талибууд энэ оны наймдугаар сард төрийн эрхэнд гарснаас хойш Афганистанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 43 хувь нь хаагдаж, 6400 сэтгүүлч, ажилтан ажилгүй болжээ. Мөн эмэгтэй сэтгүүлчдийн 84 хувь нь ажлаасаа халагдсан бөгөөд телевизийн эфирээр эмэгтэйчүүдийг гарахыг хориглосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ