Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд хатуу хучилттай зам тавина

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн Групп” компанитай Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай авто зам тавих гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд
1. Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих
2. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
3. Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
4. Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих
5. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах аж.
Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал – Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Ингэснээр Монгол орны цэнэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Дээрх авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй. Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн нь технологийн онцлог шийдэл болсон. Мөнх цэвдэгтэй бүс нутагт түгээмэл хэрэглэгддэг уг технологи нь манай улсад анхны тохиолдол юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ