Афганистан өлсгөлөнгийн ирмэгт тулжээ

Афганистаны баруун хойд нутагт цаг уурын өөрчлөлтийн улмаас нутгийн иргэд өлсгөлөнгийн ирмэгт тулж ирсэн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. Цаг уурын өөрчлөлтийн улмаас энэ хөндийн газар нутаг үржил шимгүй болсон гэж эх сурвалж онцолсон байна.
Баруун хойд нутгийн олон оршин суугч Иран руу дүрвэсэн бол зарим нь дүрвэгчдийн хуаранд нэн ядуу амьдарч байгаа аж. Энд байнга ган гачиг тохиож, газар нутаг, бэлчээр үр үимгүй болсон байна. Нөхцөл байдал ийм хүнд байхад коронавирусийн цар тахал болон Талибан хөдөлгөөн төрийн эрхэнд гарснаар эдийн засаг улам доройтож, иргэдийн амьдрал туйлдаа хүрчээ.
Улаан загалмай, Улаан хавирган сар олон улсын нийгэмлэгүүдийн мэдээлснээр Афганистаны хүн амын 55 хувь нь хүнсний хомстолд орсон байна. Ган гачиг Афганистаны нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг дайрч, огт хохирол амсаагүй муж гэж үлдээгүй талаар Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид мэдэгдээд, "өнөөдөр дэлхий дээрх хамгийн хүнд хүмүүнлэгийн хямрал Афганистанд тохиож байна" хэмээн онцолжээ.
Афганистаны өмнөх засгийн газар ган гачгийн эрсдэлийг даван туулах стратеги боловсруулж байсан бол энэ оны наймдугаар сард талибууд засгийн эрхийг гартаа авснаар энэ стратегийг зогсоосон байна. Афганистаны Усны нөөцийн орлогч сайд Мужиб ур Рахман Омар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийхдээ ган гачигтай тэмцэх бодлого засгийн газарт байгаа ч ийм төслийг хэрэгжүүлэх нь төсвийн хөрөнгө дутагдаж байгааг онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ