Д.Ганбат: Ковидын хуулийг сунгаж, ард түмний зовлонгоор зоолж болохгүй

Үргэлжлүүлэн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан хийлээ.
ДЭМБ-ын мэдээгээр коронавирусийн халдвар дэлхийн 225 улсыг хамарч, нийт 278.5 сая хүн халдвар авч, 5.4 сая хүн нас барсан байна. Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 689 432 хүн өвчилж, 2076 хүн эмнэлэгт, 3919 хүн гэрээр эмчлүүлж байна. Нийт хүн амын 69.6 хувь вакцины I тунд, 66.4 хувь II тунд, 27 хувь III тунд хамрагдаад байна. Халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1978 хүн амь насаа алдаад байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 104 оронд омикрон хувилбар илэрчээ. Омикрон хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа нь Монгол Улсын ҮАБ, хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, сорилтыг харгалзан Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна. Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 06 дугаар 30-ны өдрийг хүртэл сунгахаар төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
Сүүлийн үед УИХ-д хуулийг дураараа өөрчилдөг, хууль хэрэгжүүлдэггүй байдал газар авлаа. Үндсэн хууль зааснаар хууль тогтоох, хяналт тавих, төсөв батлах нь УИХ-ын онцгой эрхэд хамаарна. Яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байгаа юм бэ. Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх эрхийг Засгийн газар өгчих юм бол энэ УИХ тарчихвал яасан юм бэ. Бидэнд төсөв хянах эрх алга. Ковидын хуулиар явах гэж байгаа бол 2022 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нараа бүгдийг өөрчилж, УОК-доо өг. Шагналаа гардуулж, шинэ жилээ хийж байж яагаад УИХ-ын бүрэн эрхэд халдаад байгаа юм бэ. Хичнээн удаа сунгадаг юм бэ. Сунгаад ч өвчин буураагүй, ард түмний амьдрал сайжрахгүй байна. Ажлаа хийж чадахгүй бол УИХ нь таръя.
Сангийн сайд Б.Жавхлан: УИХ-ын төсөв баталдаг эрхэнд халдаагүй. УИХ Засгийн газарт ийм боломжийг өгснөөр маш хурдтай шийдвэр гаргаж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа тогтворжуулах боломжийг өгсөн. Өнөөдөр ковидын нөхцөл байдал тогтворжиж байна. Төсвийн гүйцэтгэл хараьцангуй өндөр гарах гэж байна. Энэ бол энэ хуулийн эерэг нөлөө. Энэ хуулийн төсөв дээр маш сахилга баттай явна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Энэ хуулийг дэмжихгүй. Ажиллах боломжийг бүгдийг өгсөн. Онцгой нөхцөл байдал үүссэн үед Засгийн газар, УОК чиглүүлж ажиллах ёстой. Харамсалтай нь тэгж чадсангүй, бусад салбаруудаа татаж унагаад байна. Дельта хувилбарын хамгийн өндөр тархалттай үед танхимаар сургачихаад өвчлөл багасахаар сургуулийг цахимд шилжүүлсэн. Үүнийг юу гэж ойлгох уу. Бодит заалт бүр нь аль нэг салбарыг унагаж байгаа хууль. Тиймээс цаашид үргэлжлүүлмээргүй байна.
Шадар сайд С.Амарсайхан: Омикрон хувилбар гараагүй бол энэ хуулийг сунгахгүй байсан. Шинэ хувилбар гарсан учраас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж энэ хуулийг оруулж ирж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ковидын түр хууль удаан үргэлжиллээ. Дахиад зургаан сараар сунгах ямар ч боломжгүй. Яагаад сунгах шалтгаанаа сайн тайлбарлаач ээ. Үндсэн хууль зөрчөөд байна. Ковидын хуулиар парламентын засаглалгүй боллоо. Ард түмнээс өгсөн эрхээ та нарт өгмөөргүй байна. Ковидын хуулийг сунгах үгүйг ард түмнээсээ асууя. Ард түмэн сунга гэвэл сунгая. Үнэхээр зовлон байгаа бол ард түмэнд хэлээд учраа тайлбарла. Тайлангаа тавихгүй байна. Энэ зовлонгоор их олон хүн зоолж байгаа. Энэ улс ардчилсан байвал хэзээ нэг өдөр үүнийг чинь шалгана.
Эрүүл мэндийн салбар, эмч, сувилагч, асрагч нартаа анхаарал тавьдаггүй. Эрүүл мэндийн системээ сайжруулахгүй байна. Япон лугаа хөгжье гэж яриад байдаг. Тэр Японд чинь вакцин хариуцсан сайд байдаг. Тухай бүртээ бүтцээ хийгээд явдаг. Ийм ажлаа хийхгүй байж ковидын хуулийг сунгаж, ард түмний зовлон дээр зоолж болохгүй. Энэ хуулийг АН-ын бүлгийн гишүүд дэмжихгүй.
Шадар сайд С.Амарсайхан: Үндсэн хууль зөрчөөгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хуулийг баталвал хэрэгжээд явна. Зарим улстөрчид гэнэт гараад ирсэн юм шиг ярьж огт болохгүй. Үнэхээр тийм сүрхий байсан юм бол эрүүл мэндийг салбарыг өмнө нь анхаарч, хөгжүүлж байхгүй яасан юм бэ. Анх удаа УИХ-д орж ирж, анх удаа улстөрд ирсэн мэт хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгө санхүү, албан тушаал талаас нь хараад байх шиг байна. Бид ажил талаас нь харж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарынхан яаж ажилласныг газар дээр нь очиж үзсэн нь их л цөөн байгаа даа. Засгийн газар өнгөрсөн зургаан сарын хугацаанд асар чухал ажил хийсэн. Вакцины агуулах барилаа. ХӨСҮТ хүчилтөрөгчийн үйлдвэргүй байсныг зургаан сарын хугацаанд үйлдвэртэй болголоо. Биднийг, улстөрчдийг үгүйсгэж болно. Гэхдээ ар гэр, үр хүүхдээ золиослоод гурван сая иргэнээ хамгаалж ажилласан эрүүл мэндийн салбарын ажилчид, цагдаа, онцгой байдлын салбарынхныг үгүйсгэж болохгүй. Цагаа тулахаар минут, секунт бүр үнэтэй байдаг. Төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал дамжиж явсаар, төрийн хүнд суртлыг давах амаргүй нөхцөл байдалд бид ажилладаг.
Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь нь дэмжсэнээр энэ хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсч, гишүүд асуулт асууж байна
-УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан албан тушаалтан нөхөн олговорыг хувиасаа төлөх ёстой. Гэтэл албан тушаалтан биш байгууллага нь төлөөд байна. Яагаад энэ хууль хэрэгжихгүй байна вэ? Одоогийн байдлаар хууль бусаар ажлаас халагдсан хичнээн албан хаагч байгаа вэ?
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: ШШГЕГ-аас ирүүлсэн судалгаагаар 2016, 2017, 2018 онд хууль бусаар ажлаас халагдсан хүмүүст ажилгүй байсны нөхөн олговорт 4.6 орчим тэрбум төгрөг олгох тооцоо гарснаас 3 орчим тэрбум төгрөг олгосон байна. Харин 2019 онд хууль бусаар халагдсан 427 албан хаагчид 2.7 тэрбум төгрөг олгохоос 207 хүнд 1.4 тэрбум төгрөг олгосон байна. 2021 оны эхний хагас жилд орон нутгийн 67 албан хаагчид хамаарах 367.8 сая төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорт олгох шүүхийн шийдвэр гаргасан байна. Нийслэлийн шүүх 32 хүний 292.1 сая төгрөгийн нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэсэн байна.
ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газрын дарга Бат-Эрдэнэ: Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халсаныг тогтоосон тохиолдолд буруутай албан тушаалтны төрд учруулсан хохиролд ТАЗ хяналт тавих үүрэгтэй. 2019 онд 2, 2020 онд 1, 2021 онд 19 нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан албан тушаалтнаас болж, 2019, 2020 онд төрд 368 сая төгрөгийн хохирол учирсан байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковидийн хуулийг далимдуулж баахан хамаатан садан, намын нөхдөө төрийн албанд чихлээ. АН-ыннхан төрийн албанд байхгүй байх, цэвэрлээд дууссан биз. Нийгэмд ийм муухай ялгавартай байдал бий боллоо. АН-ын гишүүн байтугай, АН-ын үнэртэй бүхнийг хусаад дууслаа. Монголын нийгэмд ардчиллын нэр устай бол амьдарч болдоггүй болж. Мэдлэг чадвартай хүмүүсээ ажилд авдаггүйгээс болж төрийн байгууллага чадваргүй байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч намаасаа түдгэлзэх ёстой учраас төрийн албанд орж, гарч байгаа иргэдийг намын харьяаллаар ялгадаггүй. Тиймээс төрийн албанаас гарсан хүмүүсийг намаар ялгаж хэлж чадахгүй байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авсны дараа асуулга тавьсан УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ. Тэрбээр "2016 оны сонгуулиар АН 17 аймагт ялалт байгуулж, АН-ын гаралтай хүмүүс ажилтай болсон. Дараа нь МАН ялж, тэнд ажил хийж байсан хүмүүсийн ихэнхийг халсан. Үүнээс үүдэж, Монголын төрд 11 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Шүүхийн шийдвэрээр 6.8 тэрбум төгрөгийг алдаа гаргасан хүмүүс буцааж төлөх ёстой байсан. Харамсалтай нь 500 сая төгрөг эргэн төлөгдсөн байна.
Монголын төрийг тогтвортой байлгахын тулд Төрийн албаны хуульд улс төр, намаас ангид байх заалтыг оруулсан. Энэ хууль хэрэгжихгүй байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлаас тодорхой байна. Төрийн байгууллагууд ажлаа хиймээр байна. ТАЗ энэ асуудалд нэгдсэн тоо мэдээтэй болмоор байна. Бид алдаа гаргасан албан тушаалтнуудыг хаацайлаад өнгөрөх нь нэг асуудал. Монгол төрийн дархлаа, төрд дураараа авирлах гэсэн байдлыг хориглох асуудал. Хуулийн хэрэгжилтэд анхаарах зайлшгүй шаардлага үүсч байна" гэдгийг хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ