Шинжаанаас болж Хятадын алдартан Интел компанитай хийсэн гэрээгээ цуцлав

img

Хятадын алдарт поп дуучин Шинжааны асуудлаас болж Intel компанитай хамтран ажиллахаа зогсоожээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Кэрри Ван гэх тайзны нэрээрээ алдартай, 22 настай Ван Жюнкай болон түүний баг Америкийн брэндтэй хамтран ажиллахаа зогсоож байгаагаа мэдэгджээ. Тэрбээр Intel брэндийн Хятад дахь элч байсан юм. 

 

Алдарт дуучин хамтын ажиллагаагаа зогсоох болсон нь Шинжааны асуудлаас үүдэлтэй. Тодруулбал, Intel Компани Шинжаан Уйгурт үйлдвэрлэсэн барааг бойкотлосон байна. Америк болон барууны орнууд Шинжаанд уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэж Хятадыг буруутгадаг тул энэ компани ийнхүү Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд үйлдвэрлэсэн бараанаас татгалзахаар болжээ. Харин үүнийг нь Хятадын алдарт дуучин эсэргүүцэж, "Үндэсний эрх ашгийг хамгаалж байна" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Шинжаантай холбоотой асуудлаар дэлхийн брэндүүд бойкот зарласны хариуд хятадууд удаа дараа ижил хариу өгч байлаа. Энэ оны гуравдугаар сард гэхэд л Шинжаанаас ирсэн хөвөнг ашиглахаас татгалзсан барууны брэндүүдийн үйлдлийн хариуд хятадууд нэгдэж байв. Тодруулбал, Шведийн H&M компани Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байж болзошгүй тул тэндэхийн хөвөнг ашиглахаас татгалзсан юм. Үүний хариуд Хятадын олон нийт энэ брэндийг шахаж эхэлсэн. Үүнээс өмнө Nike брэнд ч Шинжааны хөвөнгөөс татгалзсан юм. Ингээд хятадууд энэ хоёроор зогсохгүй Converse, Tommy Hilfiger, Calvin Klein, Burberry, Nike, New Balance, Adidas зэрэг брэндүүдийг ч хавчиж эхэлж, томоохон цахим худалдааны сайтууд эдгээр компаниудын апликейшнийг устгасан. Түүнчлэн алдартнууд барууны брэндийн нүүр царай болохоос татгалзаж, хамтын ажиллагааны гэрээгээ цуцлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ