Талибууд дотоод хэрэгт нь оролцохгүй байхыг АНУ-д зөвлөв

Афганистаны төрийн эрхэнд гарсан "Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ыг дотоод хэрэгт нь оролцохгүй байхыг уриалж, шаардлагатай бол хариу барихад бэлэн гэнэ. Энэ талаар Талибуудын түр засгийн газрын ГХЯ-ны орлогч сайд Шер Мохаммад Аббас Станекзай мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
"АНУ-ыг Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй байхыг сануулъя. Афганчууд дайтаж ядарсан, өөрсдийгөө хамгаалах чадваргүй гэж хэн ч бодох ёсгүй" хэмээн Аббас Станекзай мэдэгдээд "шаардлагатай бол афганчууд түрэмгийлэгчид дахин 40 жил эсэргүүцэл үзүүлж чадна" хэмээн онцолжээ.
Түүний үзэж байгаагаар, Талибан хөдөлгөөн Кабулын эрх мэдлийг авснаас хойших дөрвөн сарын хугацаанд "Афганистан сүүлийн олон арван жилийн туршид анх удаагаа өөрсдөө, хараат бус шийдвэр гаргах болсон" гэнэ.
Эргэн сануулахад, АНУ Афганистанаас зэвсэгт хүчнээ гаргах шийдвэрээ зарласнаас хойш "Талибан" хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоох өргөн цар хүрээтэй ажиллагааг эхлүүлсэн юм. Улмаар стратегийн цэгүүдийг ээлж дараалан эзэлж явсаар наймдугаар сарын 15 гэхэд Кабулыг зэвсэггүй эзлэн авсан. Харин Ерөнхийлөгч Ашраф Гани энэ үеэр эх орноосоо дүрвэсэн юм. Улмаар есдүгээр сарын зургааны өдөр талибууд Афганистаны бүхий л нутаг дэвсгэр дээр хяналтаа тогтоосноо зарласан бол есдүгээр сарын долооны өдөр түр засгийн газрын бүрэлдэхүүнээ зарласан. Харин энэ түр засгийн газрыг одоогоор дэлхийн нэг ч улс орон хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ