Их Британийн хатан хааныг хөнөөхөөр төлөвлөжээ

Зул сарын баярын өдөр Их Британийн хатан хааны өргөө болох Виндзорын цамхагийн нутаг дэвсгэрээс нэгэн залууг саатуулжээ. Энэ хэрэг гарахаас өмнөхөн тэрбээр "хатан хааныг хөнөөхийг хүссэн" гэж ярьж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. The Sun сонины мэдээлснээр, Энэтхэг гаралтай залууг Хатан хааны ордны нутаг дэвсгэрээс саатуулахаас 24 минутын өмнө энэ бичлэг олон нийтийн сүлжээнд байршжээ.
"Би хатан хааны гэр бүлийн тэргүүн Елизаветаг хөнөөхийг оролдоно. Энэ бол 1919 оны хядлагад амиа алдсан хүмүүсийн өмнөөс өшөө авч байгаа хэрэг. Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдан хөнөөгдсөн, доромжлуулсан, гадуурхалд өртөж байсан хүмүүсийн өмнөөс авч байгаа өш хонзон" хэмээн тэрбээр ярьсан байна.
Саатуулагдсан залууг Жасвант Сингх Чайл гэх бөгөөд тэрбээр энэтхэг гаралтай аж. 1919 оны хядлага хэмээн түүний хэлсэн үйл явдал нь Жаллианвала Багхд болсон хэрэг бөгөөд энэ үеэр Энэтхэг дэх Британийн цэргүүд эсэргүүцэлд нэгдсэн 379 хүнийг хөнөөж, 1200 хүнийг шархдуулж байсан түүхтэй.
Түүнийг 12 дугаар сарын 25-ны өглөө Виндзорын цамхагийн нутаг дэвсгэр дээрээс саатуулж, сэтгэцийг нь шалгуулахаар эмнэлгийн үзлэгт хамруулсан байна. Тэрбээр саатуулагдах үедээ нум сумтай явж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ