Шиань хотод хөл хорио тогтоосон ч халдвар нэмэгдсээр байна

Хятадын Шэньси мужийн төв Шиань хотод даваа гарагт коронавирусийн халдварын 175 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.
Хүн ам нь 13 саяыг давсан энэ хотод хатуу хөл хорио тогтоосон ч хот доторх халдварын тархалтыг тогтоон барьж чадахгүй байгаа аж. Шиань хотод бүхий л дотоодын нислэгийг цуцалж, галт тэрэг болон хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосон юм. Мөн олон нийтийн арга хэмжээг цуцалж, оршин суугчдыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээсээ гарахыг хориглосон.
Хатуу хөл хорио тогтоосон тул энэ хотын нэг гэр бүлээс ганц л хүн хоёр хоногт нэг удаа гэрээсээ гарч, хүнс цуглуулахыг зөвшөөрчээ. Мөн оршин суугчдыг хөл хорионд оруулахын зэрэгцээ гудамж талбайг өдөр бүр ариутгаж, иргэдийг химийн бодисонд хордохгүйн тулд цонхоо онгойлгохгүй байхыг анхааруулсан байна.
Шиань хотод дэгдсэн халдвар нь ямар штаммаар үүсгэгдсэн талаарх мэдээлэл огт гараагүй. Мөн энэ хотод халдвар дэгдсэнтэй холбоотойгоор 26 албан тушаалтныг буруутган шийтгэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ