"Макдоналдс"-ын үйлчлүүлэгчид дугуй жийж, илүүдэл илчлэгээ шатаана

img

Хятад дахь "Макдоналдс"-ын зоогийн газрууд илүүдэл жин төдийгүй экологийн асуудлыг бүтээлчээр шийдэх санаачилга нэвтрүүлжээ. Хоолны газруудад сандалны оронд дасгалын дугуй байрлуулсан бөгөөд ингэснээр илүүдэл илчлэгтэй тэмцэх боломжтой гэж зохион байгуулагчид нь өгүүлсэн байна. 

 

Үйлчлүүлэгчид бэлтгэл дасгал хийх дугуйг хэрхэн жийж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр таржээ. Энэ бичлэг хурдан түгэж, хэдийнэ 37 сая хүн үзсэн байна. Хятад дахь "Макдоналдс" компанийнхны тайлбарласнаар, бэлтгэлийн дугуй нь дахин боловсруулсан хуванцараар хийсэн бөгөөд байгаль орчинд аюулгүй гэнэ. Одоогоор ийм дугуйг хоёр зоогийн газарт байрлуулсны нэг нь Гуандун, нөгөө нь Шанхай хотод байгаа аж. 

 

"Хүрээлэн буй орчинд ээлтэй амьдрахыг үйлчлүүлэгчдэдээ уриалахыг хүссэн. Эдгээр бэлтгэлийн дугуйг жийснээр манай үйлчлүүлэгчид гар утас зэрэг цахилгаан төхөөрөмжөө цэнэглэх боломжтой" хэмээн Хятад дахь "Макдоналдс"-ын захиргаа мэдэгдсэн байна.

 

Энэ шинэлэг аргыг үйлчлүүлэгчид хэрхэн хүлээн авч байгааг судлаад, цаашид Хятадын бусад хотуудад ч зоогийн газарт дасгалын дугуй байрлуулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ