Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 10 зорилт

img

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийн эхлэл бол “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлэх явдал юм.

 

 

Энэ хүрээнд Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

 

  1. Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох;

  2. Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

  3. Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;

  4. Хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;

  5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон бүс нутгийн сүлжээнд холбох замаар “Транзит Монгол Улс” болж хөгжих;

  6. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн Цахим үндэстэн, дижитал Монгол болох;

  7. Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;

  8. Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;

  9. Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;

  10. Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр засагтай “Ногоон Монгол” болох зэрэг зорилтууд болно.

 

Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болж чадна гэж үзэж байна. Иймээс Улсын Их Хурал, Засгийн газар энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, бодлого зорилтоо зөв тодорхойлж, эрх зүйн болон эдийн засгийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой.

 

Нэн ялангуяа эдийн засгийн дархлаагаа сайжруулж, эмзэг байдлаа бууруулах нэн хариуцлагатай он жилүүд монголчууд биднийг хүлээж байгааг төрийн тэргүүн УИХ-ын индрээс хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хүрэлсүхийн зорилт юм уу, Монгол улсын зорилт юм уу.
2022-01-03
ЗОЧИН:
ЗӨВ Л ЯРЬЖ ЭХЭЛЖ БАЙНА, ЯРИХ НЬ ХИЙХИЙН ТАЛ ШҮҮ
2021-12-30
es iin 2050 hutulvuruus tusdaa iim yum baigaa yumuu.
2021-12-30
Сэтгэл байвал 10 жилд хийхээр юм яриад бх юм Юун 100 жил вэ..
2021-12-30