Нэг хүнд хоёроос илүү бялуу ЗАРАХГҮЙ

img

 

Хэдхэн цагийн  дараа он солигдох гэж байна. Энэ өдрүүдэд  эзэгтэй нар  баярын ширээгээ бэлдэх гээд  тун ч завгүй томоохон зах, худалдааны төвүүдээр явж харагдана.  Мэдээж шинэ жилийн баярын ширээний хамгийн  чухал зүйл бол оргилуун дарс, амтат бялуу. Оргилуун дарс, амтат бялуугүйгээр шинэ жилийн баярын ширээг төсөөлшгүй. Тиймээс ч эзэгтэй нар бялуу сонгохдоо эрүүл аюулгүй байдлаа бодож гярхай ханддаг. Зарим эзэгтэй шинэ жилийн бялуугаа цахимаар захиалж амждаг бол зарим нь өөрөө хийж эсвэл борлуулалтын цэгээс нь очиж  худалдаж авдаг.  Ингэхдээ Тү Лэ Жүр,  Жүр Үр, Батбайгаль, Монбэйкэри зэрэг олон хэрэглэгчтэй газруудаас хайлтаа эхэлдэг. Эсвэл хүнсний худалдааны төвүүдэд зарагдаж байгаа бялуунаас  сонголтоо хийдэг.

 

Иймд манай сурвалжлах баг бялуу худалдаалж буй хэд хэдэн цэгээр орлоо. 

 

 

Энэ жилийн хувьд шинэ жилийн бялууны онлайн захиалга арванхоёрдугаар сарын 15-наас эхэлжээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн иргэд бялуунд оочирлож эхэлсэн байна. Бялуу үйлдвэрлэгч ААН-үүд хүртээмжийг нь бодож нэг хүнд хоёроос илүү бялуу худалдахгүй гэж мэдээлэл гаргажээ.

 

Жишээлбэл, нэгэн аж ахуй нэгж  “Цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар ачаа барааны эргэлт саатаж, түүхий эд материалын хомсдол үүсч байгаа нь бидний үйл ажиллагаанд  ч  нөлөөлж  байна. Энэхүү нөлөөллөөс хамааран бидний бүтээгдэхүүн  үйлдвэрлэлийн тоо хэмжээ багасч байгааг мэдэгдэж байгаадаа хүлцэл өчиж байна. Иймээс бид бүтээгдэхүүнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг хэрэглэгчдээ хоёроос илүү бялууг худалдаалахгүй байх шийвэр гаргаж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

 

Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Замын-Үүд –Эрээн боомтыг аравдугаар сарын 15-наас хаагаад байгаа юм. Хил өнөөдрийг хүртэл нээгдээгүй хэвээр байгаа. Тиймээс нарийн ногоо, барилгын материал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэ нэмэгдэж байна. Тиймээс ийн мэдэгдэл гаргаж худалдаалах нь зөв.

 

 

Бялууны хувьд хэмжээнээ, орцоосоо  хамаарч өөр өөр үнэтэй. Энэ жилийн хувьд 25000-55.000 төгрөгийн хооронд үнэ хэлбэлзэнэ. Зарим эзэгтэй нар бялуугаа гэртээ хийдэг ч энэ жилийн хувьд орц үнэтэй байгаа. Тиймээс иргэд бялуу худалдаж авахыг илүүд үзнэ.

 

Бялуунд оочирлож  зогссон иргэд өөр хоорондоо "Баярын өдөр бялуунд оочирлож зогсохгүй юмсан" гэж ярилцаж, "бялуугүй хоцрохвий" гэж санаа зовних аж. Ингээд хэдэн цаг хүлээсний эцэст бялуугаа авч чадсан нэг нь гэртээ харьж, харин бялуугүй хоцорсон нь хувийн үйлдвэрийн бялуу олж авахаар гарна. 

 

 

 

М.Насан 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Eersdee gertee tort hiij bolno sh dee. Materialiig ni avaad youtube deer harj bgaa hiij surtsgaa ahan duu naraa.
2021-12-30