Ковидийн хуулийн хугацааг 2022 оны 06 дугаар сар хүртэл сунгалаа

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цар тахлын хуулийг зургаан сараар сунгаж байна. хууль батлагдаад 2022 оны 06 дугаар сар хүртэл хэрэгжих хугацаанд Засгийн газар, яамд ажлаа хиймээр байна. Төрийн албан хаагчдын томилгоог хуульд нийцүүлэх, Монголоор дүүрэн байгаа үүрэг гүйцэтгэгчдээ болимоор байна. Ажил мэргэжлийн шаардлага хангахгүй нөхөд ажлын байран дээр буг болж, ажлаа хийж чадахгүй байна. Цар тахлын хуулиар хүний эрх зөрчиж, ажлаа хийж чадахгүй нөхдүүдийг ажиллууулж болохгүй. Хуульд нийцүүлэх ажлуудаа сайн хийгээрэй. 06 дугаар сарын 30 хүртэл энгийн горимд орж ажиллах нөхцөл бололцоогоо бүрдүүлээрэй гэсэн сануулгыг өглөө.

 

Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг ч Ковидын хууль далимдуулсан төрийн албаны томилгоог цэгцлэх шаардлагатайг хэлж байна.

 

Шадар сайд С.Амарсайхан томилгоог хуульд нийцүүлэх ажил хийгдэж байгаа, цаашдаа ч хийх олон ажил бий гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Өнөрболор коронавирусийн хувилбаруудыг оношлох лабораторийн хүчин чадлын талаар тодрууллаа. Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

 

-Цар тахал эхэлсэн цагаас эхлэн бид молекул биологийн лабораторийг нийслэл болон орон нутагт өргөжүүлж, боловсон хүчнийг бэлдэхэд онцгой анхаарсан. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 16 байршилд молекул биологийн лабораторийг байгуулсан.

 

Монгол Улс омикрон хувилбарыг оношлох бүрэн боломжтой. ХӨСҮТ-д био аюулгүй байдлын III зэргийн лаборатари байгуулагдсан. Энэ лабораторид бид вирусийн мутацилагдсан хувилбаруудыг тодорхойлох бүрэн боломжтой. Энэ долоо хоногийн сүүлээр эхний хариунууд гарч эхэлнэ. Ирэх долоо хоногоос ямар хувилбарын вирус манай улсад тархаж байгааг мэдээлнэ гэсэн хариултыг өглөө.

 

Ийн гишүүд асуултаа асууж, хариултаа авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар Ковидийн хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ