Афганистаны Ерөнхийлөгч асан Гани: Би юу болж байгааг ойлгоогүй

img

Энэ оны наймдугаар сард талибууд Кабулд тулж ирсэнээр тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхний хамт эх орноосоо дүрвэж байсан. Түүний энэ үйлдэл нь улс орноо талибуудад орхиж, хаяж явсан хэрэг гэж олон хүн үздэг. Харин Ашраф Гани өөрөө ийнхүү явахаас аргагүй байсныг ВВС агентлагт ярьжээ. 

 

Гани ВВС радиогийн өглөөний хөтөлбөрт оролцон, төрийн тэргүүний албан тушаал дээр байх сүүлийн мөчүүдийнхээ талаар ярьсан байна. Түүний өгүүлснээр, талибууд Кабулыг эзлэн авдаг наймдугаар сарын 15-ны өдөр өөрийнх нь хувьд ерөнхийлөгчийн суудалд байх сүүлийн өдөр болно гэдгийг "огт төсөөлөөгүй" сэрсэн гэнэ. Ганиг эхлээд Афганистанаас Узбек, дараа нь АНЭУ хүргэсэн онгоцны бүхээгт орсон хойноо л болж буй үйл явдлыг ойлгосон аж.

 

Ерөнхийлөгч асан Ганиг шийдвэрлэх мөчид Кабулыг орхин явсан гэж буруутгадаг. Харин Гани өөрөө энэ нь зөвхөн өөрийнх нь аюулгүй байдлын тухайд биш хотыг хамгаалж үлдэх зорилгоор хийсэн алхам хэмээн мэдэгджээ.

 

Ашраф Ганигийн өгүүлснээр, "Талибан"-ы талынхан анхандаа Кабул руу орохгүй байхаар тохиролцсон гэнэ. Гэтэл "ердөө хоёр цагийн дараа тэдний амлалтаас юу ч үлдээгүй" аж. "Талибуудын хоёр үүр бүлэглэл хоёр талаас довтолсон. Бидний хооронд асар өргөн цар хүрээтэй сөргөлдөөн үүсэж, таван сая хүн амтай хот сүйрэн, хүмүүсийн амьдралыг сүйтгэх аюул тулгарсан юм" хэмээн Ашраф Гани өгүүлжээ.

 

Ганигийн өгүүлснээр, тэрбээр эхнэр болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө Кабулаас нүүлгэн шилүүлэхийг зөвшөөрсөн байна. Харин өөрөө Батлан хамгаалахын яам руу явахын тулд машин хүлээж байжээ. Гэтэл тэр машин нь ирсэнгүй. Харин жолоочийн оронд Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга "айдастайгаар ирээд", Гани эсэргүүцвэл бүгдийг хөнөөнө гэж талибууд хэлснийг дуулгасан гэнэ. 

 

"Би мөнгө авч яваагүй"

"Тэр надад ердөө хоёр минутийн хугацаа өгсөн. Өмнөх төлөвлөгөөгөөр бол би Хост руу нисэх байлаа. Гэтэл хамгаалалтын албаны дарга Хост, Желалабад аль аль нь талибуудад эзлэгдсэнийг дуулгасан. Би хаашаа нисэж яваагаа мэдээгүй. Хөөрсний дараа л бид Афганистанаас явж байгааг мэдсэн. Энэ бүхэн маш санаандгүй хэрэг болсон юм" хэмээн Гани өгүүлжээ.

 

Талибууд Ерөнхийлөгчийн ордонд Ганигийн өрөөнд ороход Ашраф Ганигийн эд зүйл, ном дэвтэр ширээн дээр нь байсан гэдэг.

 

Мөн ийнхүү Ашраф Гани эх орноосоо явахдаа асар их бэлэн мөнгө авч явсан гэж олон эх сурвалж мэдээлж байлаа. Гэхдээ Ерөнхийлөгч асан үүнийг үгүйсгэж, нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд мөнгөтэй холбоотой асуудлыг олон улсын байгууллагаар шалгуулахыг уриалжээ.

 

"Би улсаасаа ямар ч мөнгө авч яваагүй гэдгээ эрс шийдэмгий мэдэгдэж байна. Намайг яаж амьдардагийг бүгд мэднэ. Би мөнгөөр яах юм? хэмээн Ашраф Гани өгүүлжээ.

 

Энд дуулгахад, 2020 оны наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Кабулыг эзлэн авч, Гани эх орноосоо явснаасаа хойш анх удаа хэвлэлд яриа өгч байгаа нь энэ юм. Түүнийг ард түмнээ хаян зугтсан гэж буруутгадаг ч тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улсад очсоныхоо дараа фейсбүүкээрээ дамжуулан, "асар их цус урсгахаас зайлсхийхийн тулд эх орноосоо явахаас аргагүй болсон" хэмээн мэдэгдэж байв. 

 

Гани ийнхүү ойрын хүрээллийн хамт Афганистанаас явсны дараа талибууд Ерөнхийлөгчийн ордныг эзлэн, ордны дээр өөрсдийн тугийг мандуулж байлаа. Мөн тэд Ганиг их хэмжээний мөнгө авч явсан, энэ мөнгийг эргүүлэн авна хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ