Ирэх оны төлөвлөгөөгөө гаргасан уу

2021 оны сүүлийн өдөр. Хэдхэн цагийн дараа он солигдоно. Баярын ширээнийхээ ард, төрийн тэргүүний үгстэй он цагийн дарааллаар шинэ оноо угтан авна. Энэ өдөр хуучин оноо дүгнэж, шинэ онд хийж бүтээх зүйлсээ төлөвлөдөг.
Нэг жил 365 хоногтой. Өнгөрсөн 365 хоногт баяр гуниг, жаргал зовлон хосолсон олон зүйлс бидний амьдралд тохиолдолж, дурсамж болон үлдэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдэж хүн төрөлхтөн олон хайртай хүнээ тэнгэрийн суудалд залсан. Өнөөдөр ч үдэж байна.
Хүн бүрийн амьдрал өөр өөр. Магадгүй өнгөрөгч энэ онд хийж бүтээхээр төлөвлөсөн зүйлсээ хийж, зорилт зорилгоо биелүүлсэн ч байж мэднэ. Магадгүй төлөвлөгөөгөө биелүүлж чадалгүй “ирэх онд” гэж суугаа ч нэгэн бий.
Магадгүй та өнөөдөр биш 2022 оны нэгдүгээр сарын 01-нд төлөвлөгөөгөө гаргаж, хийж эхэлнэ гэж бодож байна уу? Тэгвэл та буруу бодож байна. Төлөвлөгөөгөө гаргах тохиромжтой өдөр бол өнөөдөр. Маргаашаас таны төлөвлөгөө хэрэгжиж эхлэх ёстой.
“Хүн бүр ирэх жил минийх байх болно. Үзүүлээд өгнө” гэдэг ч зорилт зорилгоо биелүүлэхэд тун амаргүй байдаг. Учир нь ихэнх хүмүүс төлөвлөгөөгөө цэгцтэй, зөв тооцоолж чадаагүйд байдаг.
Тэгвэл таны хийх хамгийн эхний алхам улиран одож буй оноо дүгнэх.
Өмнө жил 2021 оныг угтахдаа бичиж байсан төлөвлөгөө, зорилгоо уншиж, энэ жил хийж хэрэгжүүлж чадсан зүйлсээ тэмдэглээрэй. Ингэхдээ та магадгүй төлөвлөгөөгөө эхлүүлээд орхисон бол хувиар дүгнээрэй. Жишээлбэл, англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, хэлний оноо авах төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу суралцаж эхэлсэн бол ямар түвшинд байгаагаа дүгнэх. Мөн та уг төлөвлөгөөгөө биелүүлэхдээ хэдэн цагийг зарцуулсан талаараа дэлгэрэнгүй тэмдэглээрэй. Ингэж тэмдэглэх нь ирэх жилийн төлөвлөгөөгөө зөв тооцоолоход тань тусална.
Улиран одож буй оноо дүгнэх нь ирэх онд илүү амжилттай байхад туслах юм. Өөрөөр хэлбэл, алдаанаасаа суралцаж ахиад эхлэх боломж олдоно.
Хоёрдугаарт, ирэх оны зорилгоо тодорхойлох:
Ирэх онд хийх зүйлсээ бүлэглэн бичээрэй.
-
Санхүү
-
Эрүүл мэнд
-
Боловсрол зэргээр тус бүрт нь бүлэглэнэ. Дараа нь он цагийн дараалалд оруулж бичнэ. Ингэхдээ зорилт төлөвлөгөөгөө биелүүлэхэд танаас болон бусдаас хамаарах зүйлсийг бичнэ.
Гуравдугаарт, Мөрөөдлийн самбар:
Таны мөрөөдөл зорилгыг үргэлж сануух чухал зүйл бол мөрөөдлийн самбар. Та зорилго төлөвлөгөөгөө зурагжуулж, самбарт байрлуулаад өөрт тод харагдахуйц газар байрлуулна.
Ингээд таны ажил дууслаа. Ирэх оноо угтахад бэлэн болж байна. Танд амжилт хүсье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ