Путин шинэ жилийн мэндчилгээндээ эмч нарт талархал илэрхийлэв

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 12 дугаар сарын 31-ний шөнө, он солигдох мөчид ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ хүргэлээ. Түүний мэндчилгээг хамгийн түрүүнд Камчаткийн хязгаарын оршин суугчид үзсэн юм. Учир нь энэ бүс нутагт цагийн бүсчлэлээр бусад нутгуудаас түрүүлж, Улаанбаатарын цагаар 12 дугаар сарын 31-ний 20.00 цагт он солигдсон юм.
Путин мэндчилгээндээ коронавирусийн цар тахлын үед улс орон амссан хохирлыг цохон тэмдэглээд, шинэ төрлийн халдварын улмаас ойр дотныхноо алдсан хүмүүст сэтгэл санааг нь дэмжих үг хэлжээ.
"Бид хатуу ширүүн нөхцөлд амьдарч сурсан. Бид хамтдаа тахалтай тэмцсээр байна. Аймшигт өвчин олон мянган хүний амь насыг авч одлоо. Ойр дотныхноо алдсан хүмүүст сэтгэл санааг нь дэмжиж байгаагаа илэрхийлье" хэмээн Владимир Путин мэдэгджээ.
Тэрбээр ирэх ондоо бүхий л иргэд шинэ боломжийг нээхийг хүссэн байна. Путин шинэ жилийн мэндчилгээндээ эмнэлгийн ажилтнууд, хууль сахиулагчид болон цэргийн алба хаагчдыг онцгойлон дурдаж тэдэнд талархал илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ