Дэлхий дахин цар тахлын нөхцөлд хоёр дахь Шинэ оноо угтлаа

Дэлхий дахин коронавирусийн цар тахлын үед хоёр дахь шинэ оноо угтлаа. Энэ оныг мөн л ихэнх орон хязгаарлалт, хөл хорионы нөхцөлд угтсан юм.
2022 оныг хамгийн түрүүлж угтсан орон нь Самоа байлаа. Номхон далайн өмнөд хэсэгт байх арлын энэ улсад өнгөрсөн бямба гаригийн шөнө он солигдсон юм. Энэ баярыг арлынхан уламжлалт бүжиг болон галын шоугаар угтжээ.
Дэлхий даяар цар тахал дэгдсэн ч шинэ жилийн уур амьсгалыг энд юу ч эвдсэнгүй. Хоёр зуун мянган хүн амтай Самоа улсад коронавирусийн халдвар ердөө гурав бүртгэгдсэн, өвчтөнүүд бүгд эдгэрчээ. Одоо энд ямар ч халдварын тохиолдол байхгүй. Самоа улс хүн амаа цаг тухайд нь дархлаажуулалтад хамруулсны ачаар ийнхүү халдваргүй бүс болжээ.
Австрали, Шинэ Зеланд ч мөн дэлхийн бусад орнуудаас түрүүлж 2022 оныг угтсан юм. Австралийн бүс нутгуудад гал түймэр, үер, ган гачиг нүүрлэсэн ч Мельбурн, Сидней хотод шинэ оныг томоохон ёслолын буудлагуудаар угтлаа. Гэхдээ цар тахлын улмаас жуулчдыг хүлээн авахгүй байгаа тул урьд өмнөх жилүүд шиг олон хүн баярын буудлагыг сонирхон үзээгүй байна.
Сидней хотод цар тахлаас өмнө энэ хотод шинэ жилийн ёслолын буудлагыг олон сая хүн үзэж сонирхдог байсан бол энэ удаад зөвхөн нутгийнхан болох хэдэн мянган хүн л цуглажээ. Энэ жил ёслолын буудлагад 600 тон цэнэг ашиглажээ. Ёслолын буудлагыг алдарт Дуурийн театр, Харбор-Бридж гүүрний орчмоос буудсан байна.
ОХУ-ын Москва хотын нийслэлд шинэ жилийн шөнө Улаан талбай дээр шинэ оныг угтах баярын хамгийн том цуглаанууд болдог. Харин энэ жил цар тахлын улмаас талбайг 12 дугаар сарын 31-ний өдөр хаасан. Хэдий хүмүүс баря тэмдэглэхээр талбай зорих боломжгүй болсон ч Москва хотын 26 цэгээс ёслолын буудлага бууджээ. Гол ёслолын буудлагыг цагийн зүү 00:00 заахад эхэлж, 15 минутын турш үргэлжилсэн байна.
2020, 2021 оныг хүн төрөлхтөн коронавирусийн цар тахал дунд үдлээ. Анх 2019 оны 12 дугаар сард Хятадад коронавирусийн халдвар илэрсэнээс хойш дэлхий даяар 5.4 сая хүн коронавирусийн халдварын улмаас амиа алджээ. Харин 2021 он сайн мэдээ ч авчирсан юм. Вакцин боловсруулсны ачаар дэлхийн хүн амын 60 орчим хувь нь коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ