ФОТО: Далай Чойнхор вангийн хошууны соёлын дээжисийг дэлгэлээ

"Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны бурхны шашны модон эдлэл, соёлын дээжис" үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Монголын Үндэсний музей 2022 оны анхны тусгай үзэсгэлэнгээ ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран Эзэн чингис богдын алтан ургийн үе залгамжлагч, Богд хаант Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Далай Чойнхор засаг ноён Гэмпилдоржийн Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулан энэхүү тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд Далай Чойнхор вангийн хошууны хүрээ хийд, нэр бүхий лам хувраг хүмүүсийн хэрэглэж байсан хэрэглэл болон хошууны нэрт урчуудын бүтээсэн XVIII зууны үеэс XX зууны эхэн үед хамаарах бүтээлээс 160 орчим модон эдлэлийн соёл, эд өлгийн дээж үзмэрийг сонгон дэглэн үзүүлж байна.
Эдгээр бүтээлүүд нь бурхан шүтээний сийлбэр, тахил, тааллын шүтээнүүд, зарлигийн шүтээнд холбогдох модон бар, эх дардсууд хийгээд Монголчуудын шашин соёлын зан үйлийн нийтлэг хэлбэрүүд багтаж байна. Үүнд: Мал сэтэрлэх ёсонд хамаарах сэтэртэй малын модон сийлбэр, төрөл бүрийн хэлбэр хийцтэй модон цацлууд, шүншгийн сав, даллагын сав, тахил шүтээний модон авдар зэрэг модон соёлын дурсгал, дээж үзмэрүүд тавигдсан байна. Далай Чойнхор вангийн хошуу нутаг нь түүхэн газар зүйн хувьд, хуучин Сайн ноён хан аймаг буюу одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир, Хангай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумын өмнөд хэсэг, Завхан аймгийн Идэр сумын хоёр шавийн газар нутаг, Тосонцэнгэл, Их-Уул сумын өмнөд бие нутгаар хамарсан хуучин хошуу нутгийн газар нутаг багтдаг билээ.
Далай Чойнхор вангийн хошуу нутгийн урчууд нь төмөрлөг боловсруулах, ган төмрийн урлалын сонгодог уламжлалтай хийгээд энэ удаагийн үзэсгэлэнгээр модон эдлэл, сийлбэрийн өвөрмөц дэг сургууль, ур ухааныг илтгэх үзмэрүүд дэлгэгдсэн юм. Хошууны урчууд болон хүн ардын хуш мод, арцны үндэс, яргай, зандан зэрэг модыг боловсруулах, ашиглаж байсан томоохон соёл уламжлалтай танилцах, суралцах боломжийг нээж буйгаар онцлог юм.
Монголчуудын уламжлалт ур ухааны илрэл буддын шашны шүтээн, утга бэлгэдэлтэй холбоотой гар урлалын бүтээлүүд модон эдлэл, үнэт үзмэрүүдийг дэлгэж, олон нийтэд толилуулах аж. Уг үзэсгэлэн 2021.01.03-08-ны хугацаанд болох юм байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ