Ираны генерал амиа алдсаны ой дээр Америкийн эвсэл рүү дронууд довтолжээ

img

Иракд хоёр нисэгчгүй нисэх аппарат АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвслийн хүчин рүү довтолсон талаар The Jerusalem Post  сонин цэргийнхнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Багдадын олон улсын нисэх буудал дахь "Виктория" бааз халдлагад өртсөн байна. Энэ довтолгооны улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж эх сурвалж онцолжээ.

 

Хоёр дроныг цэргийн бааз руу ойртон нисэж ирэх үед агаараас эсэргүүцэн хамгаалах системийн тусламжтайгаар сөнөөсөн байна. Дронуудын далавчны хэсэг дээрээс "Удирдагчийн төлөөх өс хонзон", "Сулеймани өс" хэмээн бичсэнийг олжээ. Энэ халдлагыг Исламын хувьсгалын харуулуудын корпусын "Аль-Кудс" элит хэсгийн командлагч, Ираны генерал Касем Сулеймани хөнөөгдсөн өдрийг сонгон үйлдсэн байна.

 

Генерал Сулеймани Иракийн Багдад хотод 2020 оны нэгдүгээр сарын гуравны өдөр АНУ-ын зүгээс харвасан пуужингийн цохилтын улмаас амиа алдсан юм. Энэ халдлагын улмаас Генералыг дагалдан явсан хэд хэдэн офицер, Иракийн шийтийн босогчдын орлогч командлагч Абу Махди аль-Мухандис амиа алдсан. Үүний хариуд Тегеран нэгдүгээр сарын наймны өдөр Ирак дахь Америкийн объектууд руу олон арван пуужин харваж байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ