О.Дамдинсүрэн: Тамхины ишийг унтраалгүй хаяснаас болж машин шатсан хэрэг гарч байгаагүй

img

 

тамхины ишээ унтраалгүй цонхоор хаяснаас болж автомашин шатсан талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэн эсэх, ахуйн гал түймрийн ослын шалтгаан нөхцөлийн НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын байцаагч О.Дамдинсүрэн талаар ярилцлаа.

 

Цахим орчинд тамхины ишээ цонхоор хаяснаас болж автомашин шатсан талаарх мэдээлэл цацагдлаа. Уг хэргийн талаар?

 

-Уг хэрэг нэгдүгээр сарын 02-ны өдөр болсон. Одоогоор ямар шалтгааны улмаас машин шатсан талаарх мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй байна. Машин юунаас болж шатсан талаарх албаны дүгнэлт  гараагүй байгаа. Хэргийг шалгаж байна.

 

Ер нь Монгол Улсад татсан тамхины ишийг бүрэн унтраалгүй хаяснаас болж гал гарсан, бусдын эд хөрөнгө хохирсон тохиолдол гарч байсан уу?

 

-Зарим иргэд хайхрамжгүйгээр татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас болж орон сууцны тагт зэрэг зүйлс шатсан хэрэг бүртгэгдэж байсан. Харин тамхины ишийг унтраалгүй хаяснаас болж машин шатсан хэрэг гарч байгаагүй.

 

Нийслэлд өнгөрсөн онд хэдэн удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бэ?

 

-Нийслэлийн хэмжээнд 2021 онд 1506 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулж үзвэл 17.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Ахуйн гал түймэр гарсан голлон шалтгаанууд нь юу байсан бэ?

 

-Зуухны аюулгүй байдлыг хангаагүй, яндангийн хамгаалалт хүрээ хийгдээгүй, цахилгааны буруу хэрэглээ, ил задгай үнс нурам асгах, таггүй саванд хийх зэрэг нь ахуйн гал түймэр гарах шалтгаан болж байна. Мөн тээврийн хэрэгсэлд гарч буй гал түймэр нь хүйтний улиралд иргэд машинаа галлаж асаадаг. Ингэхдээ галыг хараа хяналтгүй орхидог. 

 

Өнгөрсөн онд НОБГ-аас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн аян зохион байгуулсан. Энэ онд зөвлөмж мэдээлэл гаргаж, алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллана.

 

Санаатай санамсаргүй гал алдсан үед иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

 

-Санамсаргүй гал алдсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг. Хувь иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 100.000 төгрөг, ААН, хуулийн этгээдийг 1000 нэгж буюу сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцдог. Мөн гал түймрийн хохирлыг барагдуулдаг. Харин санаатайгаар гал түймрийн осол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж, зөрчлийн хэрэг нээнэ. Ингээд холбогдох байгууллагуудаар дүгнэлт гаргуулж хуулийн дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

 

Хуурамч, дуудлага мэдээлэл хэр их бүртгэгддэг вэ? Ийм  үед ямар хариуцлага тооцох вэ?

 

-Хуурамч дуудлага мэдээллийг мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс цагдаагийн байгууллагад шилжүүлж, арга хэмжээ авч ажилладаг.



Г.Мичид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ