АНУ өсвөр насныхныг бустер тунгаар дархлаажуулна

АНУ-ын эрх баригчид өсвөр насныхныг нэмэлт тунд хамруулахын тулд Пфайзер вакциныг ашиглахыг зөвшөөрсөн талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12-15 насны хүүхдүүдэд Пфайзер/БиоНТеч компанийн боловсруулсан коронавирусийн вакциныг нэмэлт тун болгон ашиглахыг зөвшөөрсөн талаар АНУ-ын Хүнс, эмийн бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар мэдэгдсэн байна.
АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар "Пфайзер/БиоНТеч компанийн вакциныг онцгой нөхцөлд ашиглах зөвшөөрөлд өөрчлөлт" оруулснаар, 12-15 насныхныг нэмэлт тунд хамруулах боломжтой болжээ.
Өмнөд Африкт анх илэрч, өдгөө дэлхийн 110 гаруй оронд тархсан омикрон штамм АНУ-д хурдацтай тархаж байгаа тул ийнхүү өсвөр насныхныг нэмэлт тунд хамруулахаар болсон байна. Хэдийгээр омикрон штаммаас үүдэлтэй хор уршиг бага хэдий ч халдвар хурдацтай тархсанаас үүдэн эрүүл мэндийн салбарт ачаалал хэт нэмэгдэнэ гэж АНУ-ын Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ