Ханиад, ковидын хавсарсан халдварын тохиолдлууд бүртгэгджээ

Бразильд ханиад болон коронавирусийн халдвар хавсарсан өвчлөл буюу "флурона" хэмээн нэрлэгдэх халдварын тохиолдол дөрөв бүртгэгджээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бразилийн Рио-де-Жанейро, Сеара, Сан-Паулу мужуудад ийм хавсарсан халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь Америк тивд хоёр вирусийн хавсарсан халдвар авсан анхны тохиолдлууд юм. Эдгээр өвчтөнүүдийн дунд коронавирусээс сэргийлэх төдийгүй томуунаас хамгаалах вакцин тариулсан 16 настай өвчтөн ч байсан гэнэ.
Мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар, дэлхий дахинд хавсарсан халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тиймээс шинжилгээ, дархлаажуулалт хийх нь нэн чухал гэж шинжээчид онцолж байна.
"Флурона" гэдэг нэршил нь англи хэлний "flu" буюу "ханиад", "coronavirus" гэсэн үгсийн товчлолоос үүссэн юм. Энэ хоёр өвчний хавсарсан тохиолдол анх 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Израильд илэрч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ