Б.Очир: Инновацийн барьцалдуулагч үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бүрэн боломжтой

img

 

 

Нийслэл хотод барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөц бий бөгөөд барьцалдуулагч болон шуудайг БНХАУ-аас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж буй талаар “Таван Толгой Түлш” ХХК-аас мэдээлсэн. Тэгвэл уг барьцалдуулагчийг заавал БНХАУ-аас авах шаардлагатай гэж үү? Барьцалдуулагчийг дотоодоосоо 100 хувь хангах боломжгүй юу? гэдэг асуултын хариултыг олохоор манай сурвалжлах баг “Баргил Тех” ХХК-ийн Эко барьцалдуулагчийн үйлдвэрийг зорилоо. Бид тогтсон цагтаа Эко барьцалдуулагчийн үйлдвэрт очлоо. Үйлдвэр дүүрэн барьцалдуулагч байх аж. Барьцалдуулагчийн уутны гадна талд бичсэн “Made in Mongolia” гэдэг бичиг нүдэнд тусна. Бахархмаар. Сэтгэл цадчихсан. Бид үйлдвэрлэдэг, хийдэг болжээ гэж бодогдоно. Биднийг “Баргил Тех” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Захирал Б.Очир угтаж авлаа. Ингээд бид үйлдвэртэй танилцлаа.

 

Эко барьцалдуулагчийн үйлдвэрийг яагаад байгуулах болов? Хэзээнээс үйлдвэрийн ажил эхэлсэн талаар хоёул яриагаа эхлэх үү?

 

-Эхнээс нь ярья. Хуучин “Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилтын төв” гэж байлаа. Харин одоо бол “Армоно” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар гэдэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Уг байгууллага нь арьс ширний салбарын бүх технологийн шинэчлэл судалгаа, туршилтыг хийдэг. Уг байгууллагад 2017 онд “Шинжлэх Ухаан Технологийн Сан”-ийн санхүүжилтээр “Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт” нэртэй төсөл хэрэгжсэн. Уг төсөл дээр манай компани хөрөнгө оруулалт хийж 97%-98%-ийн цэвэр бөсгөсөн шохой буюу гидратын шохой /кальцийн гидроксид/ үйлдвэрлэх цагт 20 тоннын хүчин чадалтай үйлдвэрийг Монголд анх удаа Дархан-Уул аймагт байгуулсан.

 

Бөсгөсөн шохой буюу гидратын шохойг дэлхий дахинд барилгын материал, арьс шир боловсруулах, цаас, автозам, хөдөө аж ахуйн бордоо, халдваргүйтгэлийн бодис гэх мэт аж үйлдвэрийн 25 орчим салбарт өргөн хэрэглэдэг үнэт түүхий эд юм. Бид энэ төслийн хүрээнд 2017 оноос арьс шир боловсруулах технологид бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлээд, 2018 онд MNS 6738:2018 монгол улсын стандартыг батлуулан ажиллаж байна. Ингэснээр арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс гарах бохир усны лаг шаврын хэмжээг 70-80 хувь хүртэл бууруулж Харгиа цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасга, улмаар төв цэвэрлэх байгууламжид очих бохирдлын хэмжээг стандарт түвшинд барих боломж бүрдэх юм. Мөн арьс ширний үйлдвэрт бөсгөсөн шохойг хэрэглэснээрээ арьс ширний чанар 20% сайжирдаг.

 

 

2018 оноос бид гидратын шохойн дээр тулгуурлан өөр ямар борлуулалтын суваг байгаа талаар судалгаа явуулсан юм. Яг энэ үед шахмал түлшний үйлдвэрлэл эхэлж таарсан. Бид ч шахмал түлш болон барьцалдуулагч материал, агаарын бохирдлын талаар судалгаа хийсэн байсан. Ингээд бид шахмал түлшний барьцалдуулагч бодисыг үйлдвэрлэхээр шийдэж “Эко барьцалдуулагч” гэх бүтээгдэхүүнээ гарган авч оюуны өмчийн патентаа авсан. Эко барьцалдуулагчийн үйлдвэрээ 2020 онд ашиглалтад оруулсан. Мөн манай бүтээгдэхүүн 2020 оны МУ-ын засгийн газрын нэрэмжит үндэсний инновацийн бүтээгдэхүүнээр шалгарсан.

 

 

Одоо “Таван Толгой Түлш” ХХК-нд барьцалдуулагч нийлүүлж байгаа юу?

 

Бид “Таван Толгой Түлш” ХХК дээр 2019 оноос хойш олон удаагийн туршилт, шинжилгээ хийсний дүнд 2021 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаад 9, 10-р сард туршилтын үйлдвэрлэл явуулсан. Одоогоор нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай үйлдвэр цагт 20 тонн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 2000 тонны нөөц бүрдүүлээд энэ сараас нийлүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

 

 

Үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгө, төсөв санхүүгийн асуудал тулгардаг. Эргэлтийн хөрөнгөө хэрхэн шийдсэн бэ?

 

-Бүх л үйлдвэрт эргэлтийн хөрөнгийн асуудал үүсдэг. Бид их хэмжээний, массын үйлдвэрлэл явуулж байгаа учраас эргэлтийн хөрөнгө хүндрэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан эргэлтийн хөрөнгө, санхүүжилтээ шийдэн ажиллаж байлаа. Манай үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал хэдийгээр өндөр боловч эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаагаас болж өдөрт 40 тонныг үйлдвэрлэж байна. Эргэлтийн хөрөнгө санхүүжилтийн асуудлаа шийдэхийн тулд шинэ эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна.

 

Барьцалдуулагч бодисоо 100 хувь дотоодын үйлдвэрээс хангах боломжтой юу?

 

-Барьцалдуулагч бодисыг дотоодоосоо 100 хувь хангах бүрэн боломжтой. Манай үйлдвэрийн хүчин чадал бүрэн хангаж чадна. Ер нь зөвхөн барьцалдуулагч бодис гэлтгүй дотооддоо үйлдвэрлэх боломжтой, импортыг орлох бүх л бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч нараас авдаг болвол гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгал дотооддоо үлдэж, үйлдвэрлэгч нар орлоготой болсоноор олон ажлын байр бий болж, улс эх орны эдийн засагт тодорхой дэмжлэг болох чухал ач холбогдолтой. Манай бүтээгдэхүүн чанарын хувьд импортын барьцалдуулагчаас маш олон давуу талтай. Гидратын шохойн суурьтай учраас шахмал түлшний шаталтын үед үүсдэг хүхэрлэг хийг өөртөө шингээж авдаг онцлогтой. Энэ нь бүх шатны туршилт шинжилгээгээр батлагдсан. Импортын барьцалдуулагчаар түлш үйлдвэрлэхэд хатаах дамжлага өндөр температурт явагддаг. Харин манай эко барьцалдуулагчийг хэрэглэхэд хоёр дахин бага температурт хатдаг ингэснээр түлш үйлдвэрлэлийн зардал буурна гэж харж байгаа.

 

Хил хаалттай байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэл ямар чухал болохыг, дотоодын үйлдвэрүүдээ дэмжсэнээр импортын хараат байдлаас ангид байна гэдгийг одоо иргэд тодорхой хэмжээнд ойлгож байгаа болов уу гэж найдаж байна. Нэг үеэ бодвол Монголд үйлдвэрлэл боломжийн хэмжээнд хөгжиж байгаа. Ялангуяа импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг маш сайн үйлдвэрлэдэг болж. Гэсэн ч хил гаалийн асуудлаас болж олон үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж байгаа учраас бид эх орны түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг олноор байгуулах, хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Манай компанийн хувьд үндсэн түүхий эдээ өөрсдөө боловсруулах үйлдвэртэй байгаа нь маш том давуу тал юм.

 

Танай баг хамт олон хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

 

“Баргил Тех” ХХК-д эрдэмтэн судлаач, инженерийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг туршилт судалгаан дээр ажиллаж байна. Дархан-Уул аймагт үндсэн түүхий эд боловсруулах үйлдвэрт 10 гаруй хүн, барьцалдуулагчийн үйлдвэрт 20 гаруй залуус ажиллаж байна. Мөн урт, богинын тээвэрт 20 орчим жолооч нартай гэрээтэй ажилладаг. Шуудай болон бусад хэрэгцээт бараа материалаа дотоодын үйлдвэрлэгчээс худалдаж авдаг.

 

Танай компани энэ жил ямар зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

 

-Бидний хамгийн ойрын төлөвлөгөө бол барьцалдуулчийн орцонд 5%-д ордог холбогч бодисыг арьс ширний хаягдал болон малын яснаас гаралтай уургийн холбогч бодисоор орлуулах, өөрсдөө үйлдвэрлэх юм. Одоогоор туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнийг 2022 ондоо багтаан бэлэн болгож 100 хувь бүх түүхий эдээ өөрсдөө боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэртэй болно. Бид цаашдаа шохойнд суурилсан Аж үйлдвэрийн “Кластер систем” хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

 

Г.Мичидмаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uursdud ni unats tsavchaa baihgui yuman deer hulgaichuud hudluhgui ee.
2022-01-05
Шахмал түлшний үйлдвэрийн удирдлагууд ийм юмыг мэдэхгүй гэж баймааргүй. Гаднаас оруулж ирж мөнгө унагах гэж байгаагаас зайлахгүй. Хууль хяналтынхан анхаараач!
2022-01-05
Зочин:
Энэ үйлдвэр шинээр ашиглалтанд ороод бараг жил гаруй болж бна .... Шахмал түлшний үйлдвэрийнхэн авахгүй бгаа юмуу? Яагаад эх орныхоо үйлдвэрлэгчдийг дэмждэггүй юм бэ? ..... хятадаас 200 вагон баоьцалдуулагч авна гэж ярьж бсан / ТВ/ - р .....
2022-01-05