Тээвэрчид: Тээврийн жолооч үнэ тогтоож байсан түүх байхгүй

Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдал ямар байгаа талаар тээвэрчид мэдээлэл хийлээ.
Тээвэрчдийн төлөөлөл “Бүх шинжилгээг нь өгдөг. Жолооч нараас коронавирусийн халдвар илрээгүй. Хэвийн явагдаж байсан тээврийг зогсоочхоод эцэс сүүлд нь жолооч нарт бурууг нь өгдөг. Олон шат дамжлагатай болсон. Тээврийн зардал хэд дахин өслөө. Бид асуудлыг Зам тээврийн яаманд хоёр дахь удаагаа танилцуулсан. Хамгийн сүүлд уулзахад болгож, бүтээж байгаа гэсэн. Дараа нь Сангийн сайд Б.Жавхлан сайд Замын-Үүдэд очиж орон нутгийн тээвэрчидтэй холбоо, орон нутгийн авто тээврийн газруудтай хамтарч ажиллана гэж мэдэгдсэн.
Гэтэл цэргийн жолооч гаргаж, Замын-Үүдийн асуудлыг шийднэ. Гурван тэрбум төгрөг Засгийн газраас гаргалаа гэж мэдэгдсэн. Гурван тэрбум төгрөгийг юунд зарцуулах гэж байгаа нь ойлгомжгүй. Үндэсний тээврийн корпорац гэж байгууллага гэнэтхэн гараад ирсэн. Авто тээврийн нэгдсэн холбоо гэж бий. Тээвэрчдийн холбоо тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Гэтэл эсрэг зүйл ярьж байна. Тээврийн 7000 жолооч ажилгүй, өртэй байгаа.
Тээврийн жолооч нар үнэ тогтоож байсан түүх байхгүй. Эрээнд тээврийн үнийг тогтоодог. Тухайн тогтоосон үнийн дагуу ачаа бараа тээвэрлэдэг. Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулаад 100 жолоочийг дотоодоос бүрдүүлж, тээвэр хийлгэнэ гэж мэдэгдлээ. Тээвэр хийхээр хүлээж буй жолоочоос нэг нь ч коронавирусийн халдварт өртөж байгаагүй. Учир нь 24 цагийн хугацаанд 3-аас доошгүй шинжилгээ өгч байна. Гэтэл бэлтгэгдсэн жолоочдыг оруулна гэж байгаа нь тээвэрлэгчдийн эрх ашгийг зөрчсөн хэрэг болж байна. Жолоочдын эрх ашигт нийцсэн, зөв зохион байгуулалт хийх хэрэгтэй" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ