С.Энхболд: Гадаадаас ирсэн иргэдийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Омикрон хувилбар дэлхийн даяар хурдан тархаж, өнөөдрийн байдлаар 104 нас баралт бүртгэгдээд байна.
Омикрон хувилбарын шинж тэмдэг:
-Халуурах
-Толгой өвдөх
-Ханиалгах
-Хоолой өвдөх
-Үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь томуу төст өвчинтэй адилхан байна.
Манай улсад 2021 оны сүүл, энэ оны эхнээс өдрийн тохиолдолын тоо нэмэгдэж байна. Өдөрт 200-250 батлагдаж байсан бол өчигдрөөс 500 давж байна. Энэ нь шинэ жилээр хөл хөдөлгөөн нэмэгдэж, олон арга хэмжээ зохион байгуулагдсантай холбоотой гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байна.
Омикрон хувилбар бүртгэгдсэн цагаас хилийн тандалтыг эрчимжүүлж, гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж буй. 11 дүгээр сарын 27-ноос хойш 104 онгоцоор 10 544 зорчигч ирсэн байна. Тэднээс 411 хүнээс коронавирус илэрч, батлагдсан. Тэдгээрийн 231 нь энхийг сахиулагчид бөгөөд тэдний эмнэлзүйн шинж тэмдгийг судалж буй аж.
Энхийг сахиулагчид болон гадаадаас ирсэн иргэдээс тандалтын шинжилгээ хийсэн. Тун удахгүй шинжилгээний хариу эцэслэн гарч, омикрон хувилбар мөн эсэх нь тодорхой болох аж. Мөн 10, 11, 12 дугаар сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн байна. Хариу нь энэ сарын сүүлээр ирнэ гэдгийг С.Энхболд сайд мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 48.2 хувь нь вакцины III тунд хамрагдаад байна. Манай улс вакцины III тунг өнгөрсөн оны 08 дугаар сард эхэлсэн бөгөөд 3 сарын дараа титрийн хэмжээ буурдаг нь судалгаагаар тогтоогдсон учраас дараагийн буюу IV тун хийлгэх асуудал яригдаж эхэллээ. Хоёр тун астраЗенека+файзер хийлгэсэн хүний титрийн хэмжээ 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500 хүрч, сар сараар буурсаар 4.5 сарын дараа 50-д хүрсэн байна. Тиймээс вакцины IV тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэрийг гаргаж байгааг сайд дуулгалаа.
Мөн сайд Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал. Тиймээс иргэд амны хаалтаа сайн зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барьж, вакцины III тун, хүсвэл IV тунд хамрагдахыг хүслээ.
Иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцины IV тунд хамруулах ажил ирэх долоо хоногоос эхлэх аж. Манай улсад вакцины нөөц хангалттай буюу өнөөдрийн байдлаар 2 сая 54 мянган тун файзер, 800 гаруй мянган тун синофарм вакцины нөөцтэй байна. Вакцины хугацаа 06 дугаар сарын 30-нд дуусах юм байна.
Нийслэлд өнөөдрийн байдлаар гурван эмнэлэг коронавирусийн халдварын тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Гурван эмнэлэгт 1500 орчим ор байгаа бөгөөд дүүрээгүй, хэвийн байгааг Эрүүл мэндийн сайн С.Энхболд хэллээ.
Омикрон хувилбараас шалтгаалан хөл хорио тавих эсэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад С.Энхболд сайд “Хөл хорио тавихгүй байх зарчмыг барьж байна. Гуравдугаар давалгаанд хөл хорио тавиагүй. Ард иргэдээ халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, даван туулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй байна” гэсэн хариултыг өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ