Коронавирусийн вакциныг задалснаас хойш зургаан цагийн дараа устгадаг

img

 

Манай улсад дархлаажуулалтын ажил эхлээд 11 сарын хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээд нийт хүн амын 69.7 хувь нь I тунд, 66.5 хувь нь II тунд, 48.2 хувь нь III тунд тус тус нь хамрагдсан байна.  

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдийн сайн дурын үндсэн дээр IV тунг хийж эхлэхээр болжээ. Засгийн газар УОК, ЭМЯ-наас дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалсаар байна.

 

Бид дэлхийн улс орнуудын буцалтгүй тусламжаар коронавирусийн эсрэг вакцинтай болсон. Дэлхий 138 улсад коронавирусийн “Омикрон” хувилбар тархаад байна. Зарим улс орнуудад коронавирусийн эсрэг вакцин хүрэлцэхгүй байгаа. Өнөө үед нэг хүн тун вакцин ч хайран байна. Хэдийгээр манай улсад вакцины нөөц хангалттай байгаа ч хэмнэлттэй хандах хэрэгтэй. Цаг хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй. Вакцины дөрөвдүгээр тунг хийх ажил эхэлж байгаа бол тав, зургадугаар тунгийн асуудал ч яригдах боломжтой.

 

 

Тиймээс хэдэн хүн тун вакциныг нэг балконд савладаг, задалснаас хойш хэдэн цагийн хугацаанд ашиглах боломжтой, ашиглах хугацаа нь дууссан тохиолдолд устгадаг эсэх талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

 

Чингэлтэй дүүргийн 1,3 хорооны ӨЭМТ –ийн дархлаажуулалтын албаны албан хаагч  “ПФайзер вакцин нь зургаан хүн тунгаар нэг балкон савлагдсан бол Синофарм компанийн Вероселл вакцин нь хоёр хүн тунгаар нэг балконыг савласан байдаг. Коронавирусийн эсрэг вакциныг задалснаас хойш зургаан цагийн хугацаанд ашиглах боломжтой. Харин задлаад зургаан цаг болсны дараа устгадаг. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын ажил дуусахад гурван хүн тун вакцин үлдсэн эсвэл задлаад зургаан цагаас илүү хугацаа өнгөрсөн бол устгалд оруулдаг. Коронавирусийн эсрэг вакцин үнэтэй учраас хаягдал гаргахгүйгээр цагт нь амжиж тарихыг илүүд үзэж байгаа

 

Өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд дархлаажуулалтын цэгүүд ажилладаг. Ингэхдээ хэрэв оройны 17:30 цагт вакцин тариулахаар хүн ирвэл вакцин задалдаггүй. Учир нь 30 минутын хугацаанд хүн ирж тариулах эсэх нь эргэлзээтэй.  Өдөрт дунджаар 2-3 хүн тунг устгалд оруулдаг.  

 

Хороо болон өрхийн эмнэлгээс иргэд рүү холбогдож, коронавирусийн эсрэг вакцинаа хийлгэхийг уриалж байгаа. Коронавирусийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна” гэж мэдээллээ.

 

Тэгвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд задалснаас хойш ашиглах хугацаа нь хэтэрч хэдэн хүн тун вакцин устгалд оруулсан талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад тэрбээр, “Вакциныг задалснаас хойш хэрэглэх хугацаа нь өнгөрсөн тохиолдолд устгалд оруулдаг. Устгах үүрэгтэй. Устгасан тунгийн талаарх нэгдсэн дүн гарсан. Гэхдээ одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулав.

 

Эрүүл мэндийн сайдын мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 2 сая 54 мянган тун Пфайзер, 800 гаруй мянган тун синофарм вакцины нөөцтэй байна. 

 

Энэ бүхнээс үзвэл Засгийн газраас дархлаажуулалтын ажилд шинэ зохицуулалт хийх цаг нь болжээ. Эрсдэлтэй, хариуцлагатай энэ үед хаягдал бүтээгдэхүүн гаргах эрх бидэнд байхгүй. Нэг балкон вакциныг зургаан цагийн хугацаанд нь ашиглаж, илүүдэл хаягдал гаргахгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, дархлаажуулалтын цэгийг цөөлж төвлөрүүлбэл шийдэл болж магад. Нөгөө талаас иргэд үүргээ ухамсарлаж дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж, задалснаас хойш зургаан цагийн хугацаанд нь амжиж тариулах хэрэгтэй байна.

 

Дархлаажуулалтандаа зургаан найзаа дагуулаад идэвхтэй хамрагдъя.

 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ