Нурсултан Назарбаевыг суудлаас нь буулгав

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэгдүгээр сарын тавны үдэш ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Энэ албан тушаалыг Нурсултан Назарбаев хашиж байв.
Токаевын мэдэгдсэнээр, эсэргүүцлийн арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалтгүй гэнэ. Эмх замбараагүй байдлын ард "санхүүгийн сэдэл бүхий үгсэн хуйвалдагчид" зогсож, "нарийн бодож төлөвлөсөн" ажиллагаа үйлдэж байна гэж Токаев мэдэгджээ.
"Тиймээс би төрийн тэргүүний хувьд, өнөөдрөөс эхлэн Аюулгүйн зөвлөлийн даргын хувьд нэн хатуу арга хэмжээ авах эрмэлзэлтэй байна" хэмээн Токаев мэдэгджээ.
Түүнчлэн өөрийг нь эх орноо орхин зугтсан гэх мэдээллийг няцаасан байна.
"Юу ч болж байсан би нийслэлд байна. Тун удахгүй Казахстаны улс төрийн өөрчлөлтийн талаарх шинэ саналуудыг дэвшүүлнэ. Шинэчлэлийн явцад би өмнөх байр суурь дээрээ байна" хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Назарбаев 2019 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэх болсон юм. Түүнийг насан туршид нь энэ албан тушаал дээр байлгахаар болж байлаа. Харин Токаев энэ албан тушаалд очсоноор Казахстаны гол бүтцүүдийн эрх мэдлийг бүрэн гартаа авч байгаа хэрэг болох юм.
Казахстаны Аюулгүйн зөвлөл нь зөвлөх байгууллага бөгөөд үндэсний аюулгүй байдал, улс орны батлан хамгаалах чадамжийг бэхжүүлэх, хууль ёс, дэг журмыг сахиулах тал дээр төрийн бодлогын үндсэн чиглэлүүдийг төлөвлөх, хэрэгжилтэд үнэлгээ өгдөг.
Тэр дундаа Аюулгүйн зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүчний байгууллагууд, төвийн болон орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд, хууль сахиулах болон төрийнх тусгай байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ