Макрон: Би вакцин тариулаагүй хүмүүсийг залхаамаар байна

img

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулаагүй хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон саад бэрхшээл бий болгоно гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон анхааруулжээ. Энэ талаар тэрбээр Le Parisien сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 

 

Макрон энэ ярилцлагадаа хэнийг ч вакцинд албадахгүй, гэхдээ олон нийтийн газарт очих, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь дээд эхмжээгээр багасгаснаар хүмүүсийг вакцин тариулахаас аргагүй байдалд оруулна гэж мэдэгджээ.

 

"Би тэднийг үнэхээр залхаамаар байна. Тэгээд бид үүнийг эцсийг нь хүртэл хийнэ. Тэднийг шоронд оруулчихаж чадахгүй, тиймээс нэгдүгээр сарын 15-наас эхлэн зоогийн газар орж, кофе ууж чадахгүй болно гэж хэлье дээ. Та нар театр орж, кино ч үзэж чадахгүй" хэмээн Макрон өгүүлжээ.

 

Сүүлийн саруудад Францад олон нийтийн газраар үйлчлүүлэхэд дархлаажуулалтын гэрчилгээ эсвэл ковидын шинжилгээний сөрөг хариу шаардах болсон юм. Гэвч одоо тус улсад омикрон штамм хурдацтай дэгдэж байгаа тул эрх баригчид шинжилгээ үзүүлэх боломжийг нэг мөр хасаж, оршин суугчдыг гагцхүү вакцинд хамрагдахыг шаардахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ