Ч.Уртнасан: Орон нутагт томуу, томуу төст өвчин нэмэгдэж байна

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
-Дэлхийн 138 улсад Омикрон хувилбар бүртгэгдлээ. Шинэ хувилбарын улмаас нас барсан хүний тоо 108 боллоо. Манай улс ДЭМБ-ын зөвлөсөн зөвлөмжийн дагуу эрсдэлд суурилсан хилийн тандалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн нийтэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд болон нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлж хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 106 нислэгээр 10 мянга гаруй зорчигчид иржээ. Үүнээс 199 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан. Иргэд маань хил давсан эрсдэл их байгаа учир эрсдэлийг анхаарах шаардлагатай байна. ХӨСҮТ тандалтын судалгаа гаргаж хариу арга хэмжээ авч байгаа. Мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Гурав хоногийн тусгаарлалтад шинжилгээ авч байгаа. Хилийн боомтууд дээр хариу арга хэмжээ хэрэгжиж байна.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан
-Жил бүр хүйтний улиралд томуу томуу төст өвчин дэгдэж, иргэд эрүүл мэндийн салбарынханд ихээхэн ачаалал, эрсдэл учруулдаг. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал гарсантай холбогдуулан томуугийн өвчлөл харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас эхлэн Ази номхон далайн баруун эргийн бүсүүдэд томуу томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, өвчлөл нэмэгдсэн.
Манай улсад ч гэсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд томуу томуу төст өвчний өвчлөл бага байсан. Гэхдээ 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн өвчлөл аажмаар нэмэгдэж эхэлсэн. Томуугийн өнөөгийн өвлөлийн байдлыг танилцуулбал, 52 дугаар долоо хоногт амбулаторийн үйлчлүүлэгчдийн 10 мянган хүн амд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 15 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд улирлын томуугийн идэвхжлийн түвшинд хүрсэн байгаа. Орон нутагт өвчлөлийн байдал харьцангуй их байна. Нийт аймгуудын 50 хувьд нь идэвхжлийн болон алаг цоог дэлдэлтийн түвшинд хүрээд байна. Тиймээс орон нутагт хүүхдийн томуу томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж дэгдэлтийн хэмжээнд хүрэх эрсдэл нэмэгдэж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ