АН-ынхан, ард түмэн та нараас залхаж байна

АН-ынхан муудалдцаагүй, нэг талдаа гарсан гэж хичнээн мэдэгдээд ч энэ намд эв түнжин байхгүйг ээлж дараалан хийдэг хэвлэлийн хурлаас нь харж болно. Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв. Тус хуралд бүлгийн дарга Д.Ганбат оролцоогүй. Учир нь түүнийг бүлгийн даргаас “хөөсөн”.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарын гишүүд мэдээлэл хийхдээ АН-ынхан эв түнжинтэй байгаа ч МАН-ынхан самраад байгаа тухай ярьж байв. Улсын дээд шүүх АН-ын их хурлыг, Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрч, тогтоол гаргасан ч намын даргын асуудлыг дотроо шийд гээд үлдээсэн. Өөрөөр хэлбэл тус намыг О.Цогтгэрэл, С.Эрдэнэ нарын хэн нь удирдаж байгаа нь тодорхойгүй. Улсын дээд шүүх энэ талаар ямар ч шийдвэр гаргаагүй. Тиймдээ АН-д эрх мэдлийн төлөөх тэмцэл одоо ч өрнөж байна.
Харин өнөөдөр “хөөгдсөн” бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын “дарга” С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мөн л Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. Тэд “О.Цогтгэрэл нарын гишүүд Улсын дээд шүүхийн тогтоолыг мушгин гуйвуулж, ард түмэнд буруу мэдээлэл өгсөн” гэж бүлгийн гишүүдийн мэдээллийг үгүйсгэлээ.
Мөн Д.Ганбат АН-ын бүлгийн дарга хэвээр байгааг С.Эрдэнэ хэлж байна. АН-ын асуудал шийдэгдтэл бүлэгт ямар нэг өөрчлөлт хийхгүй гэсэн шийдвэр гарсныг хэллээ.
Үүнээс гадна зарим гишүүнийг АН-аас хөөсөн шийдвэр хэвээр байгааг С.Эрдэнэ хэлж байна. Тухайлбал, намын Үндсэн дүрэм зөрчсөн УИХ-ын Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын гишүүнээс хассан, УИХ дээр мэдээлэх л үлдээд буй. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт орохыг хуулиар хориглосон. Өөр намаас болон бие даан нэр дэвшсэн гишүүд бүлэгт орохыг хуулиар хориглодог. Гэтэл АН-ын бүлгийн гишүүн мэтээр ярьж, дотоод асуудалд эрээ цээргүй оролцож, хууль зөрчиж буй асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээ С.Эрдэнэ хэлж байна.
АН-ын хэрүүл тэмцэл, талцлаас ард түмэн залхаж байна. Монголд дотоод асуудлаа шийдэж чаддаггүй хэрүүлийн нам биш хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ