Л.Энх-Амгалан: Сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахад 373 тэрбум төгрөг шаардлагатай байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ “Цар тахал боловсролын салбарт хамгийн их нөлөө үзүүлсэн. Үүнээс үүдэн хүүхэд, залуусын боловсрол эзэмших явцад нөхөж барашгүй гарз хохирол тохиосон бөгөөд үүнийн нөхөх, арилгах амаргүй нөхцөл байдал тулгараад байна.
Цар тахлын улмаас сургууль хаагдсанаар дэлхийн 190 орны 1.6 тэрбум хүүхэд буюу сургуулийн насны нийт хүүхдийн 90 хувь нь танхимаар суралцах боломжгүй болсныг ЮНЕСКО мэдээлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар дэлхийн 9 орны 38.2 сая суралцагч танхимаар хичээллэх боломжгүй хэвээр байсаар байна. Үүнээс үүдэн 24 сая хүүхэд сургууль завсардах, 370 сая хүүхэд үдийн хоолгүй, 17 их наядын ам.доллартай тэнцэх хэмжээний ирээдүйн орлогыг алдах эрсдэл үүсч байна. 2022 онд 9 хүүхэд хөдөлмөр эрхлэх нөхцөл байдалд хүрээд байна.
...Танхимын сургалт урт хугацаагаар тасарсан энэ байдлыг ЮНЕСКО зөвхөн хичээлийн хоцрогдол биш айдас, түгшүүр, сэтгэл санааны хямрал давхацсан нэгэн үеийн сүйрэл хэмээн тодорхойлсон.
...Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, амьдралын хэв шинжээс шалтгаалж зайн болон цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон хэмжээнд байж чадсангүй. Эрчим хүчний хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар 178 000 хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдаж чадсангүй. Энэ нь цахимаас гадна өөр хувилбар бий болгохыг харуулж байна.
Цахим сургалтын чанар хангалтгүй байгааг саяхан улс орон даяар явуулсан оношлогооны үнэлгээний дүн харууллаа. Багш нарын мэдээлэл, харилцаа технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө. Яамны зүгээс сургалтын нэгдсэн платформыг бий болгох, багш нарын цахимаар ажиллах чадварыг сайжруулах, цахим агуулга, хэрэглэгдэхүүнийг стандартыг боловсруулахаар ажиллаж байна.
...Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн сан бүрдүүлж, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, НБГ, ЕБ-ийн 45 сургуульд цахим контент бүтээх бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.
БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн Хүүхдийн нийгэм, сэтгэлзүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаагаар сурагчдын 76.8 хувь нь сэтгэл санааны зовинолтой, 6-13 насны хүүхдэд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр байгаа бөгөөд сурагчдын ихэнх нь цар тахлын улмаас сурлагаар хоцрогдохоос айж байгаа бөгөөд энэ айдасыг багасгахад дэмжлэг туслалцаа шаардлагатай нь тогтоогдлоо. Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ зогссоноор хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэгт холбогдож байна. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж, 494 хүүхэд гэмтсэн нь өмнөх үеэс 9.9 хувиар нэмэгджээ. Тиймээс 150 сургуульд мэргэшсэн сэтгэлзүйч ажиллаж байна.
...Засгийн газраас ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг БШУ-ны сайдад даалгасан. Хоцрогдлыг нөхөх арга хэмжээг 3А буюу эргэх холбоо, нөхөх, тогтворжуулах гэсэн үе шаттайгаар 2021-2023 онд хэрэгжүүлнэ. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 373 тэрбум төгрөг шаардлагатай байна" гэдгийг танилцууллаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ